Эрчим хүчний салбарт төсвөөс хөрөнгө оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт төсвөөс хөрөнгө оруулахгүй

Эрчим хүчний салбарт 2014 оноос хойш төсвөөс хөрөнгө оруулахгүй болж байна. Тэр болтол төсвөөс жилд 15 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа бөгөөд 2014 оноос хувийн компаниуд эрчим хүчний салбарыг авч явах ажээ. Тус салбарыг зах зээлийн горимд бүрэн шилжүүлэх чиглэлээр 2001 онд баталсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай ярилцан гишүүдийн 58,1 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийг баталснаар хувийн хэвшлийнхэн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломж нээгдэх юм байна. Эрчим хүчний хороог зөвлөл болгон өөрчилж, гурван гишүүнтэй байсныг тав болгон өргөтгөхийг гишүүд дэмжлээ. Өмнөх гурван гишүүнийг Засгийн газрын саналаар сонгодог байсан бол одоо тэр зарчмаар сонгосон гурван төлөөлөл дээр хэрэглэгч, үйлдвэрлэгчийн нэг, нэг төлөөллийг нэмэхээр болжээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд байр суурийн зөрүүтэй байв. Гишүүн Д.Энхбат төслийг Засгийн газарт буцааж илүү боловсронгуй болгон оруулж ирэхийг шаардав. Улаанбаатарын усны хэрэглээний гуравны нэгийг цахилгаан станцууд хэрэглэдэг. Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудаас болж усны асуудал үүсч байгаа. Цаашдаа нүүрсээр ажилладаг станцуудын үнэ, нар, салхины станцуудын асуудал яригдана. Гэтэл энэ оруулж ирсэн хууль ирэх 10 жилийн байтугай өнөөдрийн шаардлагыг хангахгүй байна. Машинаар зүйрлэвэл хоёр, гурван дугуйтай машин оруулаад ирлээ. Дөрвөн дугуйтай болгоод оруулж ирэх шаардлагатай. Шаардлага хангахгүй төсөл ирүүлсэн байна гэж тэрбээр хэлсэн юм. Гишүүд Оюутолгой, Тавантолгойд дулааны станцууд хэзээ барихыг лавлаж байв. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хариулснаар Оюутолгойд барих станцын ТЭЗҮ-ийг Германы Сийменс компанитай хамтран боловсруулж байгаа бөгөөд ирэх жилээс баилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Өмнөговь руу төвлөрсөн эрчим хүчтэй холбох шугамын ажлын 50-60 хувийг хийжээ.

Гишүүн Г.Баярсайхан Эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байв. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зарим хороо гэрэлгүй харанхуй. Түүнийг гэрэлтэй болгох шаардлага байгааг хэлээд эрчим хүчний үнэ улс төрөөс хамааралгүй байх ёстой гэдгийг санууллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар хуульд өөрчлөлт оруулснаар эрчим хүчний салбарт Засгийн газар оролцохгүй байх орчныг бүрдүүлнэ гэдгийг хэллээ. Эрчим хүчний үнийг гэнэт нэг өдөр 30 хувь өсгөдөг, эсвэл салбар хүнд байхад үнийг хөдөлгөдөггүй, тийм байдалтай явж ирснийг өөрчлөхөөр хуулиа шинэчилж байгаа гэсэн юм. Д.Зоригт сайдын тайлбарласнаар хуульд оруулж байгаа өөрчлөлтийн давуу тал нь эрчим хүчний салбарыг зах зээлийн горимд шилжүүлэх заалтууд орсон. Ирээдүйд эрчим хүчний салбарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд дэд бүтцэд оруулсан хөрөнгөө тарифын тооцоонд оруулах боломжийг нээж байгааг хэллээ. Гишүүн Г.Батхүү харин ч салбарыг Засгийн газраас хараат болгох гэж байна хэмээн шүүмжлэв.
Санал хураахад гишүүдийн 58,1 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.

Д.ОЮУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж