Хан-Уулчууд цэцэрлэгт хүрээлэнгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Хан-Уулчууд цэцэрлэгт хүрээлэнгээ нээлээ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн III хороо, 19 дүгээр байрны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Орон сууцны хороолол дундах энэ цэцэрлэгт хүрээлэнг  анх 1969 онд  Аж үйлдвэрийн комбинатын Том шир, Шевроны үйлдвэрүүд хамтран байгуулж байжээ. Эдүгээгээс 42 жилийн тэртээ ашиглалтад орж байсан уг цэцэрлэгт хүрээлэнд энэ онд нийслэлийн төсвөөс 116.0 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийж, өнгө үзэмжийг нь нэмсэн байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн  тохижилтын ажлыг “Төр тулга” ХХК хийжээ. Дутуу дулимаг зүйл байвал тийшээ хандаарай гэсэн үг. Ер нь бол энэ хот тохижилтод оролцож байгаа компаниуд барьж байгуулсан зүйл дээрээ “тэр компани хийв” гээд биччихдэг байвал зүгээр юм, хотын захиргаа ч гэсэн тэгж шаардах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ядаж дундаас нь хөрөнгө мөнгө идээд, компанийнхаа нэр хүндийг унагаад байх захирал, ажилчид гарахгүй шүү дээ. Хэрвээ сайн хийсэн бол иргэд ч гэсэн сайшаагаад, тендер мендэрт нь дээгүүр давхиад эхэлнэ биз дээ.

Гүйцэтгэгч компани тус цэцэрлэгт хүрээлэнд багачууд, хөгшид нарлаж, салхилах сүүдрэвч, сандал, хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай, сагсан бөмбөгийн талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хавтан бүхий явган хүний зам байгуулж, хогийн сав байрлуулжээ.

Өнөөдөр уг цэцэрлэгт хүрээлэнг нээхэд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ганболд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч М.Орхонбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцсон байна. За тэгээд, Хан-Уулчууд шинэ цэцэрлэгт хүрээлэндээ тавтай морил доо.


Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж