Курдын босогчид Туркийн 26 цэргийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Курдын босогчид Туркийн 26 цэргийг хөнөөжээ

Туркийн өмнөд хилийн постын орчим Курдын босогчид болон Туркийн цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас 26 турк цэрэг амиа алджээ. Оршин суугчдын дийлэнх нь Курдууд байдаг Хаккари мужид мөргөлдөөн гардаг боловч ийм олон хүний амь нас эрсдэж байгаагүй ажээ. Дээрх халдлагын хариуд Туркууд Курдын босогчдын суурин байдаг Иракийн хойд хэсэг рүү нэвтэрч, онгоцноос бөмбөгдөж эхэлсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гул энэ явдлыг “Өшөө авалт” гэж нэрлэсэн байна. Мөргөлдөөн Битлис мужид болсон халдлагаар цагдаагийн таван ажилтан болон энгийн гурван хүн амиа алдсаны дараа болсон юм. Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гул Курдын босогчдын халдлага байнга гардаг тус мужийн цэргүүдтэй уулзаж, цэргийн сахилга батыг чанд сахихыг анхааруулсан байна. Хүн амын дийлэнхийг Курдууд эзэлдэг тус мужид Курдын босогчид хяналтаа тогтоохын тулд байнга халдлага үйлддэг байна. Өнгөрсөн долдугаар сард гарсан халдлагын үеэр Туркийн аюулаас хамгаалах хүчний 17 ажилтан амиа алдсан юм. Туркийн өмнөд хэсгийн мужид гарч буй зөрчлийг арилгахаар хоёр жилийн өмнөөс хэлэлцээр хийж эхэлсэн боловч одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж