”Уолл стрийтийг эзэл”: Бид дөнгөж эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

”Уолл стрийтийг эзэл”: Бид дөнгөж эхэлж байна

“Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн зарим газарт нэрээ сольж, “Уолл Стрийтийг эзэлц­гээе” болгож эхэлжээ. АНУ-ын сан­хүүгийн дүүрэгт хэдхэн хүний орол­цоотойгоор эхэлж байсан энэхүү жагсаал өнөөдөр тив дамнан тархаж, хүчээ авч байна. Гэхдээ тухай бүртээ улс орнуудынхаа онцлогийг ч ха­руулж байгаа аж. Харин тэднийг дэлхий дахиныг хамарч байгаа эдийн засгийн хямралын шинэ давалгаа л нэгтгэжээ.


ТОКИОГИЙН ЖАГСАГЧИД ДЭЛХИЙН ДАХИНД ХАНДАН УУЧЛАЛТ ГУЙЛАА

АНУ-ын 70 гаруй томоохон хот, 600 орчим жижиг хотод жагсаал болж байна. Түүнээс гадна Европын орнуудад ч тархаж байгаа билээ. Италид болсон үймээний үеэр цагдаа нар хүч хэрэглэж, нулимс асгаруулагч хий ашигласны улмаас 70 гаруй хүн шархдаж, тус улсын Дотоод хэргийн сайд огцорч магадгүй болсон. Сингапурын санхүүгийн дүүрэгт ч мөн жагсаал гарчээ. Харин Англид жагсагчид Лондонгийн Хөрөнгийн биржийн байр руу нэвтрэхийг оролд­сон. Германы Берлин тэргүүтэй 50 орчим хотод хэдэн мянган хүн оролцсон жагсаал болсон. Цурихт 200 хүн жагсчээ.

Харин сүүлийн үед Ази, Номхон далайн орнуудад эсэргүүцлийн хө­дөлгөөн тархаж эхэлсэн байна. Хаа сайгүй дэлхийн санхүүгийн тог­толцоог шүүмжлэгсэд бий боллоо. Австралийн Сиднейд ойролцоогоор 800 орчим хүн оролцсон жагсаал болсон. Токио, Хонконг, Тайпи, Сөүл, Мелбурн гээд Азийн ор­нуудад олон зуун хүн санхүүгийн дүүргүүдэд жагсав. АНУ-ын Уолл Стрийтийн жагсаал анх мөн л төдий тооны хүнтэйгээр эхэлж байсан. Гэвч аажимдаа хүчээ авсан билээ. Европын орнуудад хэдэн арван мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж байна. Франкфуртад Европын төв банкны өмнө 5000 хүн жагсаж, “Капитализм манай эдийн засгийг устгаж байна”, “Бид 99 хувь нь” гэх бичиг бүхий пайз өлгөжээ. Их 20-ийн орнуудын Сангийн сайд нар Парист хуралдаж байгаа. Тэнд ч жагсагчдын цуваа үргэлжилж байна. Уржигдар Испанид жагсаал эхэлсэн юм. Харин Токиогийн төв талбайд жагсагчид “Бид Уолл Стрийтийг эзлэгчидтэй хамт”, “Баячуудыг буулга”, “Дахиад ямар ч цөм хэрэггүй” хэмээн хаш­гирцгааж байжээ. Ойролцоогоор 300 хүн оролцсон энэхүү жагсаалын зо­рилго нь санхүүгийн гигантууд руу чиглэхээс гадна “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцын ос­лоос үүдэлтэй хор уршгийг ч нэхэн сануулсан байна. Тэд “Цац­раг идэвхт бодист хил хязгаар гэж байхгүй. Япончуудын өмнөөс дэлхий дахинд хандан хэлж байна, Уучлаарай” гэх үгс бүхий бичиг барьцгааж байв. Харин Хонконгод Олон улсын санхүүгийн төвийн ойрол­цоох Арилжааны талбайд 200 хүн цуглаж, өөрсдийгөө “Уолл Стрий­тийг эзэл” хөдөлгөөний нэг хэсэг хэмээн тодорхойлоод дотоо­дынхоо улс төрийн тогтолцоог шүүм­жилжээ. Сөүлд 600 хүн жагс­сан бол Энэтхэгт иймэрхүү хө­дөлгөөн зохион байгуулагдаж ма­гадгүй байгаа аж. Тайваньд хэдэн зуун хүн гудамжинд зогсож, уриа лоозон барьжээ. Өмнөд Африкийн Йоханесбургийн Хувьцааны бирж гадаа 80 хүн жагссан байна.

ТЭДНИЙ  ЗОРИЛГО ЮУ ВЭ

“Капитализм бол баячуудад шү­тэгдэж, тэдний төлөө бүтээгдсэн тог­толцоо. Өрөөний нэг талд мөн­гө олохын төлөө цуцалтгүй хөдөл­мөрлөж байгаа жирийн иргэд байхад нөгөө талд бүх эрхийг нь гар­таа авсан цөөнх зогсож байна. Энэ бол тогтолцоо бүхэлдээ мө­хөж байгаагийн илрэл. Америк мө­рөөдөл сүйрч байна. Жижиг бизнес эрхлэгчид хөгжих боломжгүй болж, цөөнхийн хоосон амлалтаар го­лоо зогоож байна. Энэ бүхэнд дур­гүйцсэн ард түмэн босож байна” Энэ бол ажиглагчдын дүгнэлт. Тэд капитализмыг үгүйсгэж, бүхэлд нь шүүмжилсэн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнд оролцогчдын тэмц­лийг ийнхүү тайлбарлажээ. Анх АНУ-ын жагсагчид банкирууд, сан­хүүгийн байгууллагын өндөр албан тушаалтнууд, чинээлэг бизнес­мэнүүдийг шүүмжилж байсан. Харин сүүлдээ тэдний эгнээнд коллеж, их сургуулийнх нь сургалтын төлбөр нэмэгдсэнд дургүйцсэн оюутнууд хүртэл нэгдэн оржээ. Эдийн засгийн хямрал хөгжингүй орнуудын иргэн бүрийн амьдралд дарамт учруулж байгаа нь ийнхүү тэмцлийг далласан байна. Гэхдээ жагсагчид ингэж тэмцсэнээр юунд хүрэх вэ гэдэг нь бас сонин. Учир нь өдийг хүртэлх хугацаанд жагсаалд оролцогчдын хэн нь ч “Бид ийм шаардлага тавьж байна. Хэрэв та нар үүнийг хүлээж авбал бид тэмцлээ зогсоох болно” гэж мэдэгдээгүй юм. Харин “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөний албан ёсны сайт “occupywallst.org”-д “Бид нэг сарын турш тэмцлээ. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл” хэмээн бичжээ.

АНУ-ын тэмцэгчид татвар тө­лөгчдийн мөнгөөр банкуудыг дам­пуурлаас аварч байгаад дургүйцэж, баячуудын татварыг нэмэхийг шаар­даж байгаа бол япончууд атомын цахилгаан станцуудаас татгалзахыг уриалж байна. Харин санхүүгийн гигантуудын эсрэг тэмцэж, цөөнх болсон нэг хувийнхныг үгүй хийхийн тулд юу хийх нь тодорхойгүй байгаа юм. Уолл Стрийтийг эзэлж авлаа гэж бодоход юуны төлөө ингэж байгаа гэдгийг нь хэн ч мэдэхгүй байна.

“Вашингтон Пост” сонин энэ хөдөлгөөний удирдагчаар “Adbusters” сэтгүүлийн редактор Кал­ли Лэснийг нэрлэжээ. “Fox News” агентлаг АНУ-д эхэлсэн энэ­хүү хөдөлгөөний зорилго нь Зас­гийн газрыг унагахад чиглэж байсан боловч сүүлдээ дэлхийн бусад орныг хамарч эхэлсэн хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ одоогийн байдлаар хэн ч тэмцэгчдийн тэргүүн эгнээнд зогсож, өөрийгөө албан ёсоор удирдагч хэмээн тунхаглаагүй байгаа юм. Гэхдээ тэд хүмүүсийг тэмцэлд дуудахын тулд “Файсбүк”, “Твиттер” зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглан өргөн далайцтай зохион байгуулж байгааг ажиглагчид онцолжээ. Харин дэлхийн орнуудад тархаж байгаа нь олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөө үзүүлж байгаагийн илрэл гэж дүгнэх хүн ч байгаа юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж