Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Монголд дарга болох амархан, даргаас буух хэцүүгийн үлгэрийг жинхэнэ утгаар нь харуулж бай­гаа хүн бол Чимгээгийн Сан­гарагчаа.

Анх 2007 оны арван­хоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-аас Ч.Сангарагчааг Ав­лига­тай тэмцэх газрын даргын албан тушаалд томилж байв. Тэрбээр дарга болсноосоо хойш өөрийн багаа бүрдүүлэлгүй, хуу­чин бү­рэл­дэхүүнээр нь төрийн ажлыг урагшлуулж байсан гэлцдэг. Гэ­тэл нэг л өдөр түүнийг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцож  2.4 жилийн  жилийн хо­рих ялыг жирийн дэг­лэмтэй хо­рих ангид эдлүүлэхээр шүүхээс шийдвэр гаргасан юм. Үнэндээ шүүх түүний гэм буруутай гэдгийг нь баталсан учраас тэр ялтан болсон байх. Гэтэл өнөөдрийн Мон­голд ялтан хүн төрийн том байгууллага удирдаж болдог жишгийг түүнээс харж бо­лохоор байгаа юм. Өмгөөлөгч нар нь түүнийг “буруугүй” гэж үздэг ч түүнийгээ баталж чадахгүй байгаа нь даанч таагүй. УИХ-аас түүний Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрхийг түдгэлзүүлж чадахгүй байгаа нь цаанаа бас учиртай л байх. Уг нь АТГ-ын дарга болохдоо нэг их хэл ам дагуулаагүй энэ хүн, дарга байх хугацаандаа ялтан болж баларч байгаа нь сонин л тохиолдол. Энэ сарын 26-нд Ч.Сангарагчаагийн хяналтын шатны шүүх хурал болно. Эндээс түүний цаашдын хувь заяа тодорхой болох байх даа. Ямартай ч тэр “азгүй дарга” болсон нь тодорхой.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж