“Хоёрхон төрийн дуулал эгшиглэсэн нь Монголынх”

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

“Хоёрхон төрийн дуулал эгшиглэсэн нь Монголынх”

Сонирхогчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож, хоёулаа төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Монголын шатарчид сүүлийн үед тогтмол амжилт гаргах болсны нэгэн тод жишээ нь ФИДЕ мастерын болзол хангасан Б.Ану, С.Билгүүн нар юм. 2000-аас доош рейтингтэй шатарчид оролцдог уг тэмцээний аварга ФИДЕ мастер Б.Анутай эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа.


-Юуны өмнө сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэнд тань баяр хүргэе. Тэмцээнийхээ сониноос дуулгах уу. Энэ тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Баярлалаа. Энэ жилийн тэмцээн Туркийн Антальяд болж 16 орны 70 гаруй шатарчин өрсөдлөө. Миний хувьд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Өнгөрсөн жил дэд аварга болсон. Харин энэ удаа зорилгоо биелүүлж, бас амжилтаа ахиулснаар алтан медаль хүртсэндээ баяртай байна.

-Тэмцээн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэгвэл энэ тэмцээний онцлог нь юу байв?

-Эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүлсэн тамирчинд ФИДЕ мастер цол олгодогоороо онцлог л доо. Зөвхөн түрүүлсэн шатарчинд энэ цолыг олгодог болохоор өрсөлдөөн маш байдаг. Миний хувьд өнгөрсөн жил зорилгодоо хүрэхэд нэг алхам дутсан. Харин энэ удаа чансаагаа ахиулж чадлаа.

-Өрсөлдөгч нарын тухайд юу хэлэх вэ. Хамгийн хүчтэй өрсөлдөгчийг тодорхойбол?

-Яг тодорхойлж хэлнэ гэвэл хэцүү л дээ. Бүгд ижил төвшний рейтингтэй болохоор тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй байсан. Тэр нь, энэ нь хүчтэй гэж хэлэхэд хэцүү юм. Тэмцээнд оролцсон 70 шатарчин бүгд миний өрсөлдөгч юм.

-Манай шатарчдад Хятад, Энэтхэг, ОХУ, Гүржийн шатарчид үргэлж хүчтэй өрсөлдөгч нь байдаг. Энэ тэмцээн дээр тийм зүйл байхгүй юу?

-Эдгээр улсууд хүчтэй өрсөлдөгч байх нь аргагүй. Яагаад гэвэл шатрын хөгжил нь бүр хэд дахин илүү шүү дээ. Тийм болохоор өрсөлдөгч гэж хэлэх нь өрөөсгөл юм.

-Бэлтгэл сургуулилтаа яаж хийсэн бэ?

-Хичээл ихтэй болохоор ихэвчлэн ганцаараа бэлтгэл хийдэг. Туркийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн С.Билгүүн бид хоёр хоёулаа их мастер Г.Шаравдоржийн шавь нар. Тиймээс хааяа багштайгаа хамтарсан бэлтгэл хийнэ.

-Аав тань буудлагын спортын мастер хүн. Аавынхаа хичээллэдэг спортыг үргэлжлүүлье гэсэн бодол байсан уу. Яагаад заавал шатрыг сонгов?

-Буудаж үзсэн л дээ. Гэхдээ зөвхөн сонирхогчийн төвшинд. Хааяа чөлөөт цаг гарвал бууддаг юм. Түүнээс биш зорилгоо болгоогүй. Анхнаасаа шатрын спортод дуртай болсон болохоор эргэж буцах шаардлага гараагүй. 10 настай байхдаа телевизээр хараад шатар гэдэг хөлөгт тоглоомыг анх удаа хараад сонирхол төрсөн. Тэгээд аавдаа хэлэхэд зөвшөөрсөн. Ер нь бол миний сонгосон зам л даа. Түүнээс биш хэн нэгний шахалт байгаагүй ээ.

-Хичээллэж эхэлснээс хойш анхны амжилтаа хэдэн жилийн дараа гаргасан бэ?

-Нэг жилийн дараагаас өсвөрийн улсын аваргад түрүүлсэн. Түүнээс хойш долоон жил өсвөрийн улсын аваргаас медаль хүртлээ.

-Спортын төрлүүд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Шатрын спортод ямар онцлог байна вэ?

-Хүн бүр өөрөөр хэлэх байх. Миний бодлоор тэвчээр гаргах, аливаа юманд ул суурьтай ханддаг болоход шатрын спорт гол нөлөө үзүүлдэг. Оюун ухаан шаардсан зэргээрээ онцлог юм болов уу.

-Ямар нэгэн тэмцээнд оролцоод зөвлөгөө авах тохиолдол гарвал хэнд хандах уу?

-Мэдээж дасгалжуулагчдаа хандана. Саяын тэмцээнд л гэхэд интернэтээр багштайгаа өдөр бүр холбогдож зөвлөгөө авч байсан. Энэ тэмцээний хөлөг нь дижитал, usb залгууртай учраас миний бүх тоглолтыг шууд үзсэн. Тэгээд тоглолтын дараа миний алдаа, оноог хэлж зөвлөгөө өгсөн нь маш том тус болсон байгаа.

-Сүүлийн өргийн өмнө юу бодож байсан бэ. Ямар амжилт үзүүлэхийг шийддэг гэдэг утгаараа хүнд байга шүү дээ?

-Тийм ээ. Үнэхээр сүүлийн хоёр өрөг маш хүнд байсан. Яагаад гэвэл сүүлийн хоёр өргөөс ганц ч оноо алдах ёсгүй. Ингэж чадвал түрүүлнэ. Тийм  учраас аль болох хожихын төлөө тоглосон. Нэг өрөг дээр нь тэнцсэн.

-Өөрийгөө түрүүлсэн гэдгээ мэдээд ямар сэтгэгдэл төрөв?

-Өөрийгөө бараг түрүүлж байна гэж урьдчилсан байдлаар таамаглаж байсан. Гэхдээ сайн итгэж чадахгүй хамгийн урд нь зогсоод дүнгээ сонссон. Медалийн тавцанд гараад шагнал авч, төрийнхөө дууллыг сонсч байхдаа нэг юм сэтгэл тайвширсан. Медаль аваад зогсч байхдаа “Би чадлаа” гэж өөртөө хэлсэн юм.

-Нэг багшийн хоёр шавь хоёулаа дэлхийн аварга болж, ФИДЕ мастер болсон тохиолдол манай улсад байхгүй. С.Билгүүний хувьд юу хэлэх вэ?

-С.Билгүүний хувьд ч гэсэн ялгаагүй сүүлийн хоёр өргөөс бүх зүйл шалтгаалсан. Надтай нэгэн адил медалийн хамгийн дээд тавцанд гарсан.

-Дараалаад төрийн дууллаа сонсоход сайхан байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэр үед би хамгийн жаргалтай байсан. Шагнал гардуулах ёслолын орой хоёрхон удаа төрийн дуулал эгшиглэсэн. Тэр нь хоёулаа Монголынх. Үнэхээр гоё байдаг юм билээ. Намайг аав, ээж, багшдаа хэлэхээс өмнө тэд аль хэдийнэ интернэтээр мэдчихсэн. Тэгээд бүгд надад хамгийн түрүүнд баяр хүргэсэн.

-Дараагийн тэмцээн уралдааны төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Одоо хоёр тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Ер нь бол хувийнхаа зардлаар оролцсон байгаа. Энэ тэмцээнд дэлхийн бусад улс орнууд маш их ач холбогдол өгч байна лээ. Яагаад гэвэл тухайн улсын нэр хүндийг өргөх нэг ч гэсэн мастер цолтон нэмэгдэж байгаа юм. ФИДЕ мастер цол олгодог энэ тэмцээн жилд нэг удаа л болдог. Тиймээс шатрын спорт хөгжсөн орнууд тамирчдаа бодлогоор дэмжиж оролцуулдаг юм билээ. Манай улс ч гэсэн энэ тал дээр анхаармаар санагдсан.

-Монголын шатрын холбооны бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Бас шигшээ багтай болох талаар ярилцаж байна. Шатарчин хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Манай улсад аль хэдийнэ шатрын спорт хөгжлөө олчихсон. Тийм учраас шигшээ баг гэж зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар шигшээ багийг байгуулбал зүгээр юм болов уу гэж боддог. Өсвөрийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах тал дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Монголд зардал мөнгөнөөс болоод олон улсын тэмцээнд оролцож чаддагүй маш олон чадварлаг шатарчид байдаг. Тиймээс тэдэнд ч гэсэн боломж олгоосой гэж хүсдэг.

Баяр: Охиноо их мастер болгох нь миний гол зорилго болоод байна

2000-аас доош рейтингтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн  Анугийн аав Баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр буудлагын спортоор хичээллэдэг бөгөөд саяхан Цагдаагийн дэлхийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн юм.

-Охин тань шатрын сонирхогчдын ДАШТ-д түрүүлж, ФИДЕ мастер боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Би өөрөө тамирчин хүн учраас охиныхоо гаргасан амжилтад сэтгэл хангалуун байна. Маш их баярлаж байгаа. Хамгийн гол нь ФИДЕ мастер цол хүртлээ. Энэ бол миний охины цаашид гаргах амжилтын эхлэл гэж бодож байна. Цаашлаад олон улсын мастер, их мастер болгохын төлөө хичээж ажиллана. Хамтран зүтгэнэ л гэж хэлье.

-Өөрөө спортын хүн учраас нэгнийхээ зовлонг сайн ойлгодог байх. Харилцан зөвлөгөө өгөх тохиолдол гардаг биз?

-Спортын хүн нэгнийхээ зовлонг сайн ойлгоно шүү дээ. Миний хувьд мэргэжлийн шатарчин биш ч гэсэн тодорхой хэмжээнд зөвлөгөө өгдөг. Би өөрөө буудлагын дасгалжуулагч хүн. Буудлага, шатар хоёр бол мэдээж өөр. Гэхдээ адилхан спорт гэдэг утгаараа алдаан дээр ажиллаж, сэтгэлзүй дээр нь илүүтэй ажиллахыг бодож байгаа.

-Таны хувьд хэр сайн шатарчин бэ?

-Зүгээр л нүүдэг. Гэр бүлийнхээ хүрээнд л тоглодог. Түүнээс биш тэмцээн уралдаанд оролцож үзээгүй ээ. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд нүүнэ. Тэр ч утгаараа охиндоо шатрын анхны нүүдлийг нь зааж өгч байлаа.

-Охиноо өөрийнхөө хичээллэдэг спортод уруу татах бодол байв уу?

-Буудлагын спорт ямар хүнд хэцүү гэдгийг би өөрөө мэддэг. Тийм учраас охиноо нэг их хүчлээгүй. Өөрөө л сонголтоо хийгээсэй гэж бодсон. Ямар ч спортод зовлон бэрхшээл тохиолддог. Энэ бүхнийг тал талаас нь бодож байж хичээллэх спортоо сонгох хэрэгтэй.

-Спортын гэр бүлд хамгийн жаргалтай мөч нь юу байдаг юм бол?

-Гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь зорьсон зорилгодоо хүрвэл тухайн үед хамгийн жаргалтай байдаг даа.

-Ану та хоёроос өөр спортоор хичээллэдэг хүн бий юү?

-Миний хүү жүдо бөхөөр хичээллэдэг. Хүн ер нь өөрийгөө завгүй байлгаж, ямар нэгэн спортод зорилго тавиад хичээллэвэл түүнээсээ илүү таашаал авдаг. Бас спортоор дамжиж хүмүүждэг гэсэн утгаар нь хүүхдүүдээ спортод оруулсан.

-Таны цаашдын зорилго?

-Охин маань ирээдүйн амжилтынхаа гарааг хийчихлээ. Тиймээс охиныхоо амжилтыг илүү өндөр гаргаж олон улсын мастер, их мастер болгохын тулд багштай нь хамтран ажиллаж, бүх чадлаараа туслана. Энэ бол миний гол зорилго юм.

 “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж