Грекийн парламент иргэдийн эсэргүүцлийг үл тоов

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Грекийн парламент иргэдийн эсэргүүцлийг үл тоов

Грекийн парламент төсвийг танах бодлогыг хүлээн зөвшөөрөхөд Афин хотод цагдаа нар эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Ерөнхий сайд Жорж Папендреогийн Засгийн газраас санаачилсан төсвийн хатуу бодлогыг Грекчүүд эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийж байгаа ч хуулийн төслийг парламент баталсан байна. Парламентын ордны гадна хэдэн арван мянган хүн хуулийн төслийг эсэргүүцэн жагсч байгаа ч гишүүд хуулийн төслийн татвар нэмж, халамж үйлчилгээний зардлыг багасгах зэрэг асуудлаар өнөөдөр санал хураах юм байна. Грек Европын хамгийн их өртэй, эдийн засаг нь сульдсан орон болоод байгаа юм. Хэрэв Грек өрийн хямралаас гарах яаралтай арга хэмжээ авахгүй бол Евро бүсийн Испани, Итали зэрэг орнууд хямрал дагуулахад ойрхон байгаа билээ. Европын холбоо, ОУВС тус улсад хоёр дахиа санхүүгийн тусламжийн зээл олгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд тус байгууллагын шинжээчид Грект зээл олгох зайлшгүй шаардлага бий эсэхийг судалж байгаа юм. Нөгөө талаар Европын холбоо, ОУВС Грекийн Засгийн газарт төсвийн хатуу бодлого хэрэгжүүлсэн тохиолдолд санхүүгийн зээл олгоно гэсэн шаардлага тавьж байгаа нь Грекчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Европын холбоо, ОУВС-ийн дээрх шаардлагыг Грекчүүд өрийн хүнд өвчинд дарлагдсан Грекийг үгүй хийх хүчтэй тун гэж нэрлэж байгаа юм. Афин хотод хэдэн арван мянган Грекчүүд парламентын шийдвэрийг эсэргүүцэн цагдаа нар руу чулуу, шатахуунтай шил шидэж, үймээн дэгдээхэд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн тараасан байна. Европын холбооны лидерүүд болон сангийн сайд нар ирэх амралтын өдрүүдэд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар өрийн хямралын асуудлаар хэлэлцэх юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж