Үндсэн хуулийг өөрчлөх нь

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөх нь

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах босгыг нэлээд “өндөр” болгосноос хойш уг босгыг давах анхны оролдлого хийхээр бэлтгэлээ базааж байна. Бэлт­гэл ч гэлтгүй, бараг бэлэн болчихсон төслийнхөө үзэл баримтлалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж эхэлсэн. Уг нь Үндсэн хуулийг өөрчлөх саналууд энд тэнд хэдэн янзаар боловсруулагдаж бай­­сан ч нэгдсэн байдлаар нэгт­гэн сайтар төлөвлөхгүй бол бүдрэх нь гэдгээ ойлгосон бололтой Д.Энхбат нарын 15 гишүүн, Д.Дамба-Очир нарын нөхдийн хот тосгоны эрх зүйн асуудлын тухай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг нэгтгэж. Ямартай ч энэхүү ажиллагааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахалж буй. Уг 40 хүнтэй ажлын хэсгийн 22 нь УИХ-ын гишүүн гэдгийг бодсон ч басч боломгүй “баг”. Нэмж хэлэхэд, энэхүү төлөвлөгөөг зохион байгуулах үүрэгтай ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга захирамж гарган байгуулсан. Ингээд уг ажлын хэсгийнхэнд ч Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нэлээдгүй санал иржээ. Нийс­лэл, аймгаас ирсэн 38800 гаруй иргэний саналыг нэгтгэн авч үзэхэд тэдний 20455 иргэн буюу 52.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, 18379 иргэн буюу 47.4 хувь нь шаардлагагүй гэж үзсэн байна.

Харин хэрхэн өөрчлөх талаар ирсэн саналуудыг анги­лахад Үндсэн хуулийн үзэл баримтлалд зарчмын томоохон өөрчлөлт оруулж, хоёр танхим­тай парламент бүхий Бүгд Найрамдах улсын хэлбэрт шил­жих, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөх­гүй­гээр боловсронгуй болгож, төгөл­дөр­жүүлэх чиглэлээр за­рим нэ­мэлт, өөрчлөлт оруу­лахад болох­гүй юмгүй гэж үзжээ.

Ийн боловсруулагдаад буй хуулийн төслийг харвал үнд­сэн­дээ таван зүйлд өөрчлөлт оруулах гээд буй аж.

НЭГ. БҮГД БИШ, ЗАРИМ НЬ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эхний санаа нь өнөөх 2000 оны долоон нэмэлтийнхээ нэгийг залруулах оролдлого бололтой. Илүү дэлгэрүүлбэл, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр дав­хар ажиллах боломжийг Үндсэн хуульд ямар нэг хязгаар­лалтгүйгээр нээж өгснийг засч залруулах шаардлагатай гэж үзжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар буюу, 2000 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэ­сэн зохицуулалт оруулснаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь УИХ-ын гишүүд хавсран ажилласан ч болохоор болгосон. Ингээд л хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэл нь холилдох боломж бүрдсэн. Гороор нь хариуцлага гэх зүйл үгүй болсон. Харин өөрчлөхдөө шуудхан энэ хоёр эрх мэдлийг салгалгүйгээр за­рим хязгаарлалт хийх замыг санал болгосон байна. Энэ хязгаар нь “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэх заалт. Энэ нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах үүднээс, нөгөө талаар УИХ, Засгийн газар бодлогын хувьд нэгдмэл байх шаардлагатай гэдэг үүднээс хадгалж үлдсэн суудал бололтой, өмнө яригдаж байснаар бол. Тухайлбал, 1996-2000 онд Засгийн газар гурван удаа огцорч, дөрвөн Ерөнхий сайд томилогдож байсан нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсардаггүй байснаас үүдэлтэй гэж улстөрчид үздэг. Танхимын гадна үлдсэн гишүүд Засгийн газрыг аль болох ганхуулах сонирхолтой байдаг. Тиймээс Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам гэх мэт бодлогын гол гол яамдыг УИХ-ын гишүүн тэргүүлж байх нь зүйтэй гэсэн үзэл улстөрчдөд байдаг юм билээ.

ХОЁР. ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ

Дараагийнх нь өөрчлөх заалт цухалзаж эхлэхтэйгээ зэрэгцэн багагүй эсэргүүцлийг өдөөгөөд байгаа. Хэдий хуульд хоёрхон “тэмдэгт” өөрчлөхөөр боловсруулагдсан ч олон нийтийн зүгээс “тэгж өөрчилнө гэж гонжийнжоо байлгүй” гэж тавлаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг 99 гишүүнтэй болгох тухай. Уг нь хүн амын тооны өсөлт, эрхлэх асуудлын хүрээ өргөссөн болон үндэсний аюулгүй байдлын үүднээс ч гэсэн парламент аль болох “том” байх нь, гишүүдийн тоо дор хаяж 100 орчим байх ёстой гэлцдэг. Гэвч үүнийг эсэргүүцээд буй шалтгаан нь “хардлага”. Сонгуулийн хуулийн тогтолцоонд үхэн хатан ач холбогдол өгч буй энэ үед ийм хардлага байгаа нь ч аргагүй. Иймд энэ хардлагаас мултарч чадвал уг санал дэмжигдэх боломжтой. Харин хардуулахгүй байхын тулд хуулийн энэ өөрчлөлтийг 2012 оноос биш, 2016 оноос мөрдөж эхлэх хэрэгтэй гэсэн үзэл ч бий. Хэрвээ ирэх 2012 оны сонгуулиас шууд мөрдөөд эхлэх юм бол одоогийн гишүүд өөрсөддөө зориулж хууль баталсан хэрэг болно.

ГУРАВ. “ШУУД”-ЫГ ШУУД УТГАГҮЙ БОЛГОХ НЬ

Сонгуулийн тогтолцоог ярьж эхлэнгүүт л босч ир­дэг асуудал нь Үндсэн хуу­лийг өөрчлөх тухай. Иймд сонгуулийн тогтолцоог өөр­чил­сөн ч Үндсэн хууль үл хөдлөх боломжийг бүрдүүлэх шаардлага бий болсон гэж хуулийн төсөл боловсруулагчид үзсэн бололтой. Одоо буй Үндсэн хуулиар “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заажээ. Хэрэв сонгуулийн хуулинд хүнийг шууд бишээр сонгох тухай санаа орж ирэх л юм бол дээрх заалттай зөрчилдөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, пропорциональ болоод холимог тогтолцоог хуульчлах бол хэн нэгэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж “ялалт” байгуулна гэсэн үг. Иймд дээрх заалтыг өөрчилж “Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчмыг баримтлан явуулах”-аар тусгаж. Гишүүнийг шууд сонгох бус, УИХ-ыг шууд сонгох болсон байгаа биз. Энэ нь сонгуулийн пропорциональ системтэй холбогдон гарч ирсэн “гишүүнийг сонгох уу, намыг сонгох уу” гэдэг маргааныг эцэслэж байгаа юм.

ДӨРӨВ, ТАВ. НУТГИЙН УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ

Сүүлийн хоёр зүйлийн өөрчлөлтүүдийн зорилго нь орон нутгийн удирдах байгууллагын шийдвэр гаргах эрхийг баталгаажуулахтай хол­бог­­дон бий болжээ. Өөрч­лөгдөж буй хэсэг нь Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь заалт. Үүнийг энгийнээр тайлбарлавал, аймаг нийслэлийн даргыг иргэдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд батламжилдаг байсныг нь өөрчилж, Ерөнхий сайдаас санал болгосноор иргэдийн хурал батламжилдаг болгож байгаа юм байна. Харин сумын хувьд даргаа иргэд өөрсдөө сонгодог болох гэнэ. Энэ бүхэн нь эрх мэдлийг орон нутагт, иргэдэд шилжүүлэх зорилгоор бий болгож буй өөрчлөлт гэж тайлбарлагдаж байгаа ч үнэн хэрэгтэй юу л бол.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах гол шалтгаан болж харагдаж байсан засаг захиргааны нэгжийн хуваарийг өөрчлөх асуудал энэ хуулийн төсөлд бас л байраа эзэлж чадсангүй. Сүүлийн арав гаруй жил яригдаж буй засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудалд гол тээг болж байсан зүйл нь Үндсэн хуульд заасан “орон нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн санаачилгаар засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж болох” тухай заалт. Гэвч орон нутгийн иргэдийн хувьд сум суурингуудыг нэгтгэх санаачилга хэзээ ч дэмжлэг авч байгаагүй тул энэ өөрчлөлтийг УИХ, Засгийн газрын түвшинд бодлого боловсруулж хийх хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд байсан билээ. Харин одоо боловсруулаад байгаа хуулийн төсөлд “орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санал болгосноор УИХ, Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн нь өмнөхөөсөө нэг их дэвшил болж чадсангүй бололтой. 

Дараагийнх нь, Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн Цэцэд нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хууль зөрчигдөж буй талаар хүсэлт гаргах”-аар хуулийн төсөлд тусгажээ. Одоо бол, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ху­рал, баг, хорооны иргэдийн нийтийн хурал, тэдгээрийн тэргүүлэгчдээс гаргасан шийд­вэр нь хэн нэгний эрхийг зөрчсөн бол маргааныг захир­гааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэдэг хуультай. Гэ­тэл нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдвэр гаргах эрх бүхий бусад байгууллага зөрчсөн тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй. Ингээд л тус өөрчлөлтийг хийжээ.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж