Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Террористуудын 2006 онд олзолсон Израилийн армийн бага дарга Гилад Шалитийг ХАМАС чөлөөлөв. Түүнийг Египетэд жиипээр авчран цэргийнхэнд нь өгөөд тэр машин хурдан буцжээ. Түүний хариуд Тель-Авив мягмар гаригт 477 палестин хоригдол сулласан бөгөөд дахин 550 хоригдол суллахаар амлаад байгаа юм.

Израилийн армийн бага дарга Ги­лад Шалит террорист ХАМАС хөдөл­гөөний дайчид 2006 оны зургадугаар сард Израилийн нутагт нэвтрэн армийн эргүүлд довтлох үеэр шархдаж олзлогдсон. Долоо хоногийн эхээр Израиль Палестин хоёрын тохиолцсоны дагуу бага даргыг олзноос чөлөөлөх ажиллагаа дуусвар болж байна.

Газын зурвасын орчимд хоригдож байсан Шалитийг Египетэд мягмар гаригийн өглөө  хүлээлгэн өгсөн. Түүнийг Израилийн эмч нар хүлээн авч үзээд хамт эх орондоо ирэв. Израилийн цэргийн Тель-Ноф баазад түүнийг эцэг, эх хамаатнууд ба ерөнхий сайд Биньямин Нетаньягу хүлээж байв. Шалитийг суллагдсан мэдээ аваад Нетаньяху түүний эцэг Ноамд хандан “Та хүүгээ хэдхэн минутын дараа харна” гэж амласан юм.

Бага даргыг Египетийн нутагт авчирсан нь тодорхой болонгуут чөлөөлөгдсөн палестин дайчдыг суулгасан “Улаан загалмайн” автобусууд Израилиас хөдлөн Палестиний хилээр орж иржээ.

Бага даргыг хамасчууд 2006 оны зургадугаар сарын 25-нд Шалитийн танкийн эргүүлд довтлох үеэрээ олзолсон юм. Тэр үеэр эргүүлийн Шалитаас бусад бүх цэргүүд болон довтолсон хоёр палестин алагдсан юм. Израиль ХАМАС-тай олон удаа хэлэлцээр хийж байж Шалитийг чөлөөлүүлэхээр болов. Ганцхан бага даргаа израильчууд 1027 палестин дайчнаар сольж авлаа. Тэдний 287 хүн нь Израиль ба иргэдийнх нь эсрэг террор хийсэн хэмээн бүх насаараа хоригдох ял сонсоод байсан юм. Суллагдсан хоригдлуудын 27 нь эмэгтэй.

Палестинчуудыг хоёр ээлжээр чөлөөлөх юм. Эхний 477 хүн мягмар гаригт суллагдан нутаг буцсан. Хоёр сарын дараа Израиль дахин 550 хүн суллахаар амлаад байгаа. Израиль 40 хүнийг нь чөлөөлөн Палестины нутаг дэвсгэрээс гадагш Сири, Катар эсвэл Туркт хүргэх болно гэсэн байв. Иордан голын баруун эргийн 163 уугуулыг тэд Газад шилжүүлэн өгөх юм байна.

Нийт 96 хүнтэй палестинчуудын эхний ээлжийг Кциот шоронгоос Иордан голын баруун эрэгт мягмар гаригийн өглөө эрт хүргэсэн байна. Автобусын цувааг хэлэлцээрийн зуучлагч болох Египетийн аюулгүйн албаны ажилтнууд дагалдан явав.

Хоригдлуудыг нутагт нь буцаах ажиллагааны үеэр Израилийн өөрийгөө хамгаалах армийг (ЦАХАЛ) байлдааны бэлэн байдалд оруулсан байв. ЦАХАЛ-ын жанжин штаб палестин хоригдлуудын автобусны цувааг довтлох магадлалтайг үгүйсгээгүй юм хэмээн “The Jerusalem Post” сонинд өгүүлжээ. Ерөнхийлөгч Шимон Пересийн палестин хоригдлуудад өршөөл үзүүлэхэд хориг тавиулахаар гаргасан гомдлыг Израилийн дээд шүүх даваа гаригт авч хэлэлцээд хүлээн авсангүй. “Та бүхний хайртай хүмүүсийн эсрэг аймшгийн хэрэг үйлдсэн хорлонт амьтад зохих шийтгэлээ хүлээхгүй болж байгаатай санал нийлэх нь хэчнээн ээдрээтэйг би ойлгож байна” хэмээн үүнийг эсэргүүцэгчдийн ар гэрийнхэнд хандсан захидалдаа Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньягу бичсэн байв.

Израилийн Засгийн газрын таван жилийн турш палестины бүх талынхантай явуулсан энэ хэлэлцээр өнгөрсөн бямба гаригт төгсгөл болсон юм.

Израильд цэргийнхнээ “ямар ч үнээр хамаагүй аврах журам үйлчилдэг. Тохиролцоог хийх үү, эсвэл үл хийх үү гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан байв. Биньямин Нетаньягугийн танхимын 26 гишүүд уг асуудлыг дэмжиж, Гадаад хэргийн сайд Авигдор Либерман нарын гурван хүн хэлэлцээрийг үл зөвшөөрчээ. Дахаф институтын явуулсан олон нийтийн санал асуулгаар еврейн улсын иргэдийн 79 хувь нь наймааг зөвшөөрч зөвхөн 14 хувь нь үүний эсрэг байлаа. Засгийн газраас Шалитийг суллуулахын төлөө байнга шаардаж ирснээр 25 настай бага дарга “бүх нийтийн хүү” нь болон хувирсан юм.
ХАМАС ч энэ наймааг ялалт гэж үзэж байна. Исламистуудын төлөөлөгчид израиль цэргийнхнийг хулгайлсаар байх болно гэдгээ мэдэгджээ. “Ард түмний эсэргүүцлийн хороо” гэх бүлэглэлийг төлөөлөгч Абу Мужахед (түүний бүлэг ХАМАС-тай нийлэн Шалитийг олзолсон юм) “дайсны цэргийг олзлох нь палестины эсэргүүцлийн бүлгийнхний стратеги боллоо” гээд израильчууд цэргийнхнээ барьцаалуулна гэдгийг хүлээж байх ёстой гэсэн байв.    

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж