Италичууд С.Берлусконигоос салах цаг ойртож байна

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Италичууд С.Берлусконигоос салах цаг ойртож байна

Италийн Ром хотод болсон жагсаалыг цагдаа нар хүчээр та­раасны дараа С.Берлусконигийн улс төрийн байр суурь улам ганхлаа. Тус улсын хууль сахиулагчид дэлхийн санхүүгийн тогтолцоог бү­хэлд нь буруутгаж, эсэргүүцлээ илэр­хийл­сэн 200 мянга орчим иргэнийхээ эсрэг нулимс асгаруулагч хий ца­цан тараасан. Үүний улмаас 70 хүн шархдаж, 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Италийн зүү­ний үзлийг баримтлагч сөрөг хүчнийхэн нөх­цөл байдал ийнхүү хурцадсаны буруутнаар Дотоод хэр­гийн сайд Роберто Марониг нэрлэж, огц­руу­лахыг шаардсан байна.

Өнгөрсөн баасан гарагт С.Бер­лусконигийн Засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт явуулсан би­лээ. Хэдийгээр үр дүн нь яаж гарах бол гэдэг нь нэлээд эргэлзээ төрүүлж байсан боловч С.Берлускони олон­хийн саналыг авч, суудалдаа тогтож үлдсэн юм. Үүний шалтгаан нь түүний тэргүүлж буй барууны үзэл баримтлалтай эвслийн Засгийн газ­рын нэр хүнд харьцангуй өндөр байгаатай холбоотой бололтой. Гэх­дээ эдийн засаг тогтворгүй болохын зэрэгцээ сексийн дуулиануудад удаа дараа холбогдож байгаа уч­раас Ита­лийн Ерөнхий сайдын рейтинг өм­нөхөөсөө нэлээд буурчээ. Өнгөрсөн сард Италийн Наплес хотын шүүхээс тус улсын Эдийн засгийн сайд Жуолио Тремонтиг их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардаж байв. Гэвч Пар­ламентын хуралдааны үеэр явуул­сан нууц санал хураалтаар Ж.Тремонти олонхийн дэмжлэгийг авч, огцроогүй билээ. Тухайн үед Сильвио Бер­лускони үүнд сэтгэл хангалуун бай­гаагаа илэрхийлж байв. Ер нь түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд багт­сан сайд нар авлигын хэрэгт ороо­цолдох нь түгээмэл байдаг. Ха­рин огцрох нь бага юм. Гэхдээ Ита­лийн сөрөг хүчнийхний эсэр­гүүцэл хүчтэй байгаагаас гадна хамт­рагчид нь хүртэл шүүмжлэх болсон С.Берлускониг хэзээ мөдгүй Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгнө гэх таамаг гараад байгаа. Уг  нь түүний сонгуульт хугацаа 2013 онд дуусна. Харин С.Берлускони өөрөө сонгууль хүртэл албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй гэх байр суурин дээрээ хатуу зогсжээ. Өдгөө 75 настай түүний эсрэг шүүхэд дөрвөн хэрэг үүсгэсэн. Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон болон авлига авсан гэх хэргүүд уг нь огцрох хангалттай шалтгаан болохоор байгаа. Олон улсын шинжээчид түүнийг хожим Ерөнхийлөгч болохоор зэхэж бай­сан нь бүтэлгүйтсэн хэмээн таа­маглаж байна. С.Берлускони 1994 оны сонгуулиар ялалт байгуулсан цагаас хойш Италийн Засгийн газрыг тэргүүлэх болсон. Хэдийгээр “ардчилсан” хэмээн нэрлэгдэж бай­гаа ч коммунист засаглалаа хадгалж үлдсэн цөөхөн орны нэг нь Итали. Харин энэ “гавьяа”-г нь С.Берлускони дангаараа үүрдэг билээ.

Маш олон гэмт хэрэгт нэр холбогдож байсан С.Берлускони огцордоггүйн нэг шалтгаан нь өдийг  хүртэл Ита­лийн сөрөг хүчний хүч нөлөө сул байсантай холбоотой. Харин сүүлийн үед зүүний үзэл баримтлалтай на­мууд нь нэгдэж, зоригтой дуугарах болсон байна. Түүнчлэн Италийн эдийн засгийн байдал доройтсон нь иргэдийнх нь дургүйцлийг хүчтэй төрүүлж байгаа юм. С.Берлусконийн эвслийн Засгийн газрын бүрэл­дэхүүнд багтсан Хойд холбоо намынхан түүнийг 2013 он хүртэл Ерөнхий сайд хэвээр байна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Итали улс татвараа нэмэх, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгөө хумих замаар төсвөө 60 тэрбум евро буюу 83 тэрбум ам.доллараар танахаар зэхэж байгаа. Тус улсын дотоодын өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувьтай тэнцсэн. Италийн Зас­гийн газрын бондын хүү өдөр ирэх тусам нэмэгдэж, Евро бүсийн хэмжээнд тэргүүлэх болсон. Мөн залуусын дундах ажилгүйдлийн түвшин 28.5 хувьтай байгаа нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт болжээ. Хэн ч үр хойчоо өөрсдийнхөөсөө ядуу, дорой амьдруулахыг хүсэхгүй. Тийм учраас Ерөнхий сайдынхаа эсрэг босох италичуудын тоо ч нэмэгдэж байгаа бололтой. Италийн нэгэн хэвлэлд гарснаар С.Берлускони ирээ­дүйд юу хийх тухайгаа асуусан за­луухан бүсгүйд “Чи хөөрхөн юм байна. Тиймээс баян хүнтэй гэрлэ” хэмээн зөвлөж байжээ. Гэвч ажилгүй, орлогогүй болох аюул аминд тул­чихаад байгаа энэ үед италичууд түүний үгийг наргиан болгон хүлээж авах сөхөөгүй байна.

Италийн сөрөг хүчний улстөрч­дийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон үймээнтэй холбоотойгоор тус улсын тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллийг иш татаж, Дотоод хэргийн сайдын асуудлыг ингээд орхиж болохгүй хэмээн үзэж бай­гаа аж. Италийн тагнуулын бай­гууллагынхны мэдээлснээр олон арван мянган иргэнийг тэмцэлд уриалж, “Хар блок” хэмээн нэрлэгдэж буй жагсаалыг зохион байгуулахаар бэлтгэж буй анархистууд байгаа аж. Гэхдээ олон улсын агентлагуудын онцолж байгаагаар жагсагчдын дотор гадны иргэд цөөнгүй байсны дээр одоогоос 10 жилийн өмнө Женевт болсон Их наймын уулзалтын үеэр жагсаал зохион байгуулж байсан нүүрэндээ багтай хүмүүс дахин харагдаж эхэлснийг онцолсон бай­на. Италийн “Agi” агентлагийн мэ­дээлснээр жагсагчид багтай явж бай­жээ. Өнгөрсөн бямба гарагт болсон жагсаал Италид сүүлийн хэдэн жил тохиолдож байгаагүй томоохон үй­мээнийг дагуулсан тухай эрх ба­ригчид нь сануулах болсон. Харин цагдаа нар сайн ажилласны үр дүнд хүний амь нас хохироогүй юм. Гэхдээ Италийн хүчний байгууллагуудыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл цагдаа нарын цалин маш бага байгаагаас болоод Засгийн газраа шүүмжилж эхэлсэн. Тиймээс дараагийн удаа тэд жагсагчдын эгнээнд орж болзошгүй. Харин Ром хотын захирагч Жяанни Алеманно ойрын нэг сарын хуга­­цаанд хотын төвд жагсаал зо­хион байгуулахыг хоригложээ. Мөр­гөл­дөөний улмаас учирсан хохир­лын хэмжээ 2.5 сая евро буюу 3.4 сая ам.долларт хүрсэн байна. Уг нь энэхүү жагсаал харьцангуй тайван үргэлжилж байжээ. АНУ-ын сан­хүүгийн томчуудыг шүүмжилсэн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн хүрээгээ тэлж, 82 орны 951 хотод салбарласан. Тэдгээр жагсаалын ихэнх нь тайван замаар үргэлжилж, үймээн гаргахыг оролдсон цөөн хүнийг баривчилсныг эс тооцвол Италид гарсан шиг мөргөлдөөн бусад оронд хараахан үүсээгүй байгаа юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж