
Охин одоо Хятадын өмнөд мужийн цэргийн эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байгаа талаар CNN агентлаг өнөөдрийн онцлох мэдээлэлдээ дурьджээ. Хэрэг өнгөрсөн пүрэв гаригт буюу аравдугаар сарын 13-ны өдөр гарсан юм. CNN-ий сурвалжлах багийнхан Фушань хотод болсон хэргийн газарт очиход зам дээр охины цус урт мөр татуулан урсч, хоёр хэсэг газар дугуйран харласан байсан нь охиныг хоёрантаа машинаар дайруулсныг гэрчилж байв. Охиноо Юэй Юэй гэж өхөөрдөн дууддаг ээж нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн үүдэнд "Ээждээ буцаад ир л дээ” хэмээн уйлан гуйж байсан нь элэг эмтэрмээр байсан талаар СNN бичжээ. Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа охины тархины ажиллагаа маш муу байгаа талаар охины ээж ярьсан байв.
Хүүхэд санаатай дайрсан машины жолооч нар болон цусандаа хутгалдан хэвтэж байсан бяцхан охиныг үл хайхарсан хөндлөнгийн хүмүүс замын хяналтын камерт бичигдэж үлдсэн бөгөөд хүний мөсгүй, аймшигтай энэ үйлдэл интернетэд тавигдсанаар олон нийтийн эгдүүцэл, зэвүүцлийг дээд цэгт нь хүргээд байна.
Хятадын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч хүний үнэлэмж, үнэ цэнэ улам үнэгүйдсээр байгаагийн хамгийн сүүлийн жишээ нь дээрх явдал юм. “Twitter”-тэй адил олон хэрэглэгчтэй Хятадын “Sina Weibo” сайтад камерын бичлэгт санамсаргүй бичигдэж үлдсэн хүний үнэргүй хүмүүсийн эсрэг кампанит ажил өрнүүлэх санаачилга гаргаж, дөрвөн сая гаруй хүн нэгдсэн байна. Түүнчлэн охиныг хамгийн түрүүнд тусалсан 58 настай, хог түүдэг эмгэнийг хотын захиргаа болон бизнес эрхлэгчид шагнахаар болсон гэнэ. Харин бяцхан охиныг дайрч зугтаасан машины жолооч нар болон хэргийг нүдээр харсан ч түргэн тусламж дуудалгүй, хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ажээ. Гэрчүүдийн зарим нь хүүхэд зам дээр хэвтэж байгааг анзаараагүй гэсэн мэдүүлэг өгсөн бол нэг нь цусандаа хутгалдсан охин уйлж байхыг харсан гэжээ. Тэрбээр “Би охины хэвтэж байсан замын хажуугийн дэлгүүрт орж, худалдагчаас хүүхэд нь гадаа тоглож байсан уу гэж асуусан боловч тэр “Үгүй” гэж хариулсан. Би өөр яах ёстой байснаа сайн мэдэхгүй байна” гэжээ.
Зам дээр цусанд хутгалдан хэвтэж буй нялх хүүхдийг хайхралгүй өнгөрч явсан хүмүүсийг Лос Анжелесын нэгэн сэтгэл зүйч “Хариуцлага гэдгийг мэдэхгүй нийгмийн зарим бүлгийн сонгодог жишээ” гэж тодорхойлсон байна. Нялх хүүхдийг зам дээр үхвэл үхэг гээд орхисон энэ хэргийн дараа хүн чанар, ёс зүйн асуудал өдгөө Хятадын хэвлэл, мэдээллийн гол сэдэв болж байна.
Охин одоог хүртэл ухаан ороогүй байгаа бөгөөд эмч нар түүнд тархи нь үхэжсэн гэсэн онош тавиад байгаа аж. Охины гэр бүлийнхний амьдардаг байсан Фушань хотын валют арилжааны нэгэн компани аав, ээж хоёрт нь охиныхоо эмчилгээнд зориулахыг хүсч, 8000 ам.доллар хандивласан бол бяцхан охинд тусалсан 58 настай эмээд өөр нэгэн компани мөн 8000 ам.долларыг буцалтгүй тусламж болгон өгчээ.
Хоёрхон настай бяцхан охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг дэлхийн сая, сая интернет хэрэглэгчдээр тогтохгүй хүний эрхийн олон улсын байгууллагынхны анхаарлыг маш ихээр татаж байна. Тэд бүгд бяцхан Юэй Юэйг амьд үлдээсэй гэж хүсч байна.
Видео бичлэгийг энд дарж үзнэ үү
Холбоотой бичлэгийг энд дарж үзнэ үү