
Олон нийтийн ажилд тэр хачин идэвхитэй, хаана л хүн олноор цугласан газар байна, тэнд дэг журам сахиулж, энэ тэрийг зохицуулж явдагсан. Нэр нь Могод. Хүүхдүүдийн дунд өргөн тархсан нэгэн дуунд “Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу” гэдгийг ялигүй хувиргаад “Замын голоор алхалсан Могод ахаа сайн байна уу” гэж дуулахыг яана. Тэр тун нөлөөтэй, ногдсон үүргээ яв цав гүйцэтгэдэг дууриалтай нэгэн байсийм. Эл хөргийн баатар маань ангийнхнаа гайхамшигтай зохион байгуулдаг, цагаан сахилгагүй заримд жавтий хүртээдэг ч зөөлөн сэтгэлтэй, хар багаасаа даргын авьяас тодорсон нэгэн байж. Ангийнхнаас нь хэн ч юм, аягүйдвэл зарчимч шаардлагад нь гэдэн хөдөлсөн нэгэн ч юмуу, түүнд “Могод” гэж нэр хайрласан ч нэг их газар авсангүй алдарч. Эхэнд дурьдсан идэвхи нь дэндсэн нэгэнтэй түүнийг адилтгасан хэрэг. Энэ нь түүний зохион байгуулагч, дутагдал зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй араншинд оноосон хоч болов уу.
Нэгэн зүйл. Нууцаа дэлгэхэд тэмдэглэлийн баатар маань өдгөөгийн Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Гончигдоржийн Энхтүвшин. Намтар нь тун эгэл. Арваа төгсөөд тэр үеийн Зөвлөлтийн Калининград хотын цэрэг, техник инженерийн дээд сургуульд элсэн суралцсан ч эрүүл мэндийн байдал цааш суралцах боломж олгосонгүй. Үүнийгээ мань хүн “Цэргийн алба хаах хувьгүй хүн дээ, би” гэж харамсана.
Ингээд төрөлх Дундговьдоо эргэн ирэхэд Сайнцагаан сумын Эвлэлийн даргаар томилчихож. Арван жилд анги хамт олноо зохион байгуулах албанд гаршсан түүнд ажил нь ч санаанд багтаж. Сум орон аль л биелэхэд хүндрэлтэй ажлаа Эвлэлийн даргад духна. Нохойн арьс, шувуу техникийн тос бэлтгэх гэх ч юмуу, аян жин тээх, хужир шүү татах, алсын хадланд гарах… гээд. Түвшин дарга баяан хөгжим тоглочихдог, тайзны болон нийтийн бүжгийн дүйтэй нь залуусаа хөдөлгөх нэг хөшүүрэг болов. Наран бригадад өдөрлөг хийх болтол унаа олдохгүй 18 км газар хөгжим, хувцсаа үүрээд алхаж хүрсэн удаа бий. Нэг удаа гучин эмнэг тэмээтэй жингийн цуваа хөдөлгөн хэдэн залуусын хамтаар Луус сумын Хатуу Төгрөгөөс хужир татав. Жин тээж үзээгүй болохоор шөнөжин цувааны эхэнд бөөнөөр яриандаа халж яваад ачаатай таван тэмээ хаа ч юм тасраад үлдсэнийг хожуухан мэдсэн гэнэ. Уул нь жинчид цувааны ард болон өмнө нь хүнээ хуваарилж явдгийг ингэж ухаарчээ. 1969 оны зуднаар их цас унаж ердийн хөсөг, машин унаа ч хөл хоригдов. Ингэхээр хэсэг залуусаа авч 30-40 км дэх өвөлжөөнд өвс хүргэх цанын аяллаар хүн бүр хоёр боодол өвс үүрч гарчээ. Хөлгүй их цасан дундуур цанаар туучин өвс хүргэхэд малчид ч баярлаж олон мянган малын аминд орж байснаа Энхтүвшин өнөө дурсдаг. Ажлын энэ гараа түүний төрд насаараа зүтгэх “Бие халаалт” болсон юм.
Нэгэн зүйл. Энхтүвшин хоёр жилийн дараа гэхэд сумын нарийн бичгийн даргаар Хулд суманд томилолт авав. Дараа нь тэр албаа Эрдэнэдалай суманд үргэлжлүүлж хийсэн. Энэ албанд долоон жил зүтгэхдээ дарга нарынхаа баруун гар нь болж явснаа “Миний төрд зүтгэх их сургууль” гэж Түвшин ярьдаг. Тэнд ажиллах хугацаанд МУИС-д эчнээгээр зургаан жил сурч эрх зүйч мэргэжил эзэмшсэн Урлагийн хүн биш байтлаа Л.Ванганы “Зам нийлэх үү” жүжгийг Эрдэнэдалайн клубт найруулан тавьсан нь Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайд үнэлэгдсэн. Бас дууны үг зургааг зохиосон нь ая дан хийгдээд энд тэндгүй дуулагдах болж.
Түүний аль ная ерээд онд Мандалговь хотын захирагчаар арван жил ажилласан нь одоо домог адил яригдах юм. Мандалговьд морин тэрэг хаа сайгүй хөлхөж байж. Тэд цэцэрлэг, ясли, эмнэлэг, сургуулийн хоол хүнсний материал хүргэх зэрэг богины тээвэрт шогшино. Хорин эмнэг морь тэргэнд сургаад арав арваар нь хоёр ээлж болгоод тэргэнд хөллөчихнө. Морийг нь одооны улсын манлай уяач Ж.Содномпэл маллана. Бүр давраад гоёмсог сүйх тэрэг хөллөөд гадна дотныхонд сонирхуулж байж. Гадаадынхан сүйх тэргэнд сууж нисэх буудал ороод ирэхэд найман төгрөг. Тэр үед Зөвлөлтийн цэргийн том анги байсан болохоор дарга нар нь, тэдний эхнэрүүд сууж тансаглана шүү дээ. Одоо бол мөнгийг хүүлж өгөх байсан биз. Гэтэл хэрэг бишдэж Сангийн яамны шалгалтаар гурван сарын цалингаа хасуулж 25 мянган төгрөгөөр торгуулсан. Дараа нь Улс төрийн товчооны орлогч гишүүн П.Дамдин ирээд морин тэрэгнийы хэсгийг хөрөнгө мөнгө хэмнэсэн сайн санаачилга гэж үнэлснээс гурав хоногийн дараа уул шийтгэл бүгд цуцлагдсан аж.
Цэцэг үржүүлгийн газар байгуулчихсан нь тухайн үедээ говь нутагт цоо шинэ зүйл байв. Тэнд гоёлын, тасалгааны, хүндэтгэлийн, гудамж талбайн цэцэг үржүүлдэг, бас цаасан цэцэг хүртэл урладаг байсан нь эрэлт хэрэгцээ хачин их байж. Гэрлэх ёслолын танхим байгуулж гэрлэгсдийн бүртгэлийг ёсолдог, гэрлэгсэдийг болон шинэ иргэн мэндлэхэд чимэглэж гоёсон, гялалзсан хар “Чайка” машинаар хүргэж өгдөг, тэдэнд баглаа цэцэг барин хүндэтгэл үзүүлдэг байсан гээд боддоо. Энэ чинь бараг гучаад жилийн өмнөх дүр зураг шүү дээ. Нийтийн бие засах газар гэхэд Улаанбаатарт ганцхан байхад Мандалговьд бий болчихсон, тохилог сайхан үйлчилгээгээр хүмүүсийн талархал хүлээж байж. “Энэ бүхэн иргэддээ хандсан төрийн үйлчилгээ байсан юм даа. Төр түмэн нүдтэй” гэж үнэн юм. Энэ бүхнийг үйлчилгээ гэж хараад “Үйлчилгээний гавьяат” гэдэг цолыг төр хайрлалаа.” гэж Энхтүвшин дарга сэтгэл хөдлөн хэлнэ лээ.
Нэгэн зүйл. Энэ хөргийг бичигч би Энхтүвшин даргатай багахан хугацаанд хамт ажиллах хувь тохиосон юм. Мань эр аймгийн Тамгын газрын хуулийн зөвлөх гэдэг албанд тохоогдлоо. Гэтэл 1999 оны их зуд Дундговьд нүүрлэчих нь тэр. Мань эрийг сумд, малчдад хүргэх тусламжийн бараа, өвс тэжээлийг хуваарилах, хүргэх ажилд томилчихсон. Тэр өвөл бид хуулийн зөвлөхийнхөө барааг тун цөөн харсан даа. Бүсээ тайлах ч чөлөөгүй л явсан хэрэг. Тэр нүсэр ажил ямар ч хэл амгүй дуусч билээ. Зудын дараа Энхтүвшин дарга Луус сумын Засаг даргаар томилогдсон. Тэнд очоод “Загвар сум” болгох зорилт дэвшүүлсэн. Ер нь говь, талын нэг сум ийм жишээний байхад болно доо гэсэн загварыг Түвшин дарга сэтгэлдээ төсөөлж дараа нь арван жилийн хөдөлмөрөөрөө ажил хэрэг болгосон юм. Эхлээд тамгын газраа, дараа нь төвийн гудамж талбайг гэрэлтэй болгохоос эхэлсэн. Арван таван сумын сүүлээсээ хоёрт явсан сумыг “Загвар” болгоно гэхэд санаанд багтсан нь сонин. Төсвийн бүх байгууллагын тулгамдсан асуудлыг ээлж дараатай шийдсэн. Тэр бүхнийг тоочих аргагүй. Загвар сумын нүсэр төслөө бариад хөлөө хүрэх газар явна. Бүтэх ч юм бий. Санаснаар болохгүй юм алийг тэр гэх вэ. Нэгэн удаагийн хурал дээр “Бид Загвар сум болох том зорилт дэвшүүлсэн. Гэтэл энэ төсөв чинь танагдаж ирээд байна. Яаж энэ түмэн эхтэй ажлыг амсуулах төдий төсвөөр амжуулах, бүтээх юм бэ. Энэ сумдын дарга нар чинь байчихаад намайг “Загвар дарга” гэж тохуурхах боллоо. Үүнийг би дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн нэг ёсны шүүмжлэл гэж үзэж байна.” хэмээн цухалдаж билээ.
Гэлээ ч арван жилийн хөдөлмөр, хамт олны зүтгэлээр төвийн тохижилт, соёлжилтоор ч, албан газруудын өнгө зүс, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээгээр ч, хамт олны идэхи урам зоригоор ч “Загвар сум” зорилтоо бүрэн хангасан юм. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Соёлын тэрүүний ажилтан алдар цолтой, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой ахмад дарга маань аймаг орны хэмжээнд алдраа тэмдэглүүлэн гавьяаны амралтдаа гарч алс холын Америк дахь хүүхдүүдээ зорьсон юм.
Нэгэн зүйл. Нэг л мэдэхэд Энхтүвшин дарга Америкаас хүрээд ирсэн харагдлаа. Зарим нь аймгийн засаг дарга ажилд тавихаар дуудсан гэлцсэн. Үнэн худлыг хэн мэдлээ. Харин төдхөн Мандалговьд баригдах хүүхдийн паркийн ашиглалтын өмнөх захиргааны даргаар томилогдоод ажилдаа орсон. Ажлын төлөө төрсөн юм шиг дөчин жил чөлөө завгүй зүтгэсэн түүнд зүгээр сууна гэдэг жаргал биш санагдаж. Тэгээд нэг л өдөр нутгаа зорин онгоцонд суусан хэрэг. Парк гэдэг дөнгөж цаасан дээр “Мэндэлж” байж. Улаан шугамыг нь тавьж ногоон хашааг түгжихээс ажлаа эхлэн хоёр жилийн дараа гэхэд өнгө гэрлийн гайхамшиг, бүтээн байгуулалтын ид шидийг цогцлоосон “Хүүхдийн парк” нээлтээ хийсэн юм. Паркийн нээлт дээр аймгийн засаг дарга Д.Чандмань “Энэ бүтээн байгуулалт амаргүй байсан. Намайг өглөө ажилдаа ирэхэд Түвшин дарга үүдэнд сууж байдаг байлаа. Парктай холбоотой ямар нэг асуудал шийдүүлэх, хариу авах гэсэн түүнд анхаарал хандпуулахаас өөр арга байгаагүй. Энхтүвшин даргыг энэ ажилд Төрбат дарга яасан онож тавиа вэ” гэж би гайхсан” хэмээн онцолсон. Паркийн нээлтийн өмнөхөн түүнд “Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан” гэдэг алдар цолыг гардуулсан нь ч цагаа, хүнээ олсон шагнал. Энхтүвшин дарга одоо олныг төлөвлөж байна.
-Улаанбаатарын төв зам хажуугаар өнгөрдөг. Түүгээр зорчигчид “Танай парк аймгийн өнгө зүс, нүүр царай болж байна” гэдэг. Сайхан л үг. Парк аймгаас яльгүй зайтай, энэ үнэ. Тиймээс хүүхдүүдийг зөөдөг бага оврын автобусны шугам нээнэ. Сайхан усан оргилууртай болгоно. Эндээ цанын бааз, мөсөн гулгуурын талбай байгуулахаар зураг, төслийг хийж байна. Цайны газартаа хүүхдийн төрсөн өдөр, баяр ёслолыг тэмдэглэдэг болно. Сийлбэртэй том эрээн гэр барьсан. Эндээ хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх төв болгоно. Хүүхдийн сайн дурын чуулгатай, цахилгаан хөгжимтэй, янз бүрийн ажил зохиогдож цаг үргэлж хүүхэд бужигнасан газар байх юм. Өөр ч бодож байгаа юм их бий гэж тэр өгүүлж байна.
-Төрийн алба гэдэг чинь иргэддээ үзүүлэх үйлчилгээ юм. Би төрд алба хашсан дөчин жилээ эргээд бодоход төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг өргөтгөх, чанаржуулах, нэр төрлийг олшруулахад бүх сэтгэл зүтгэлээ зориулжээ гэж тэр хэлнэ лээ.
Гончигдоржийн Энхтүвшин ажил амьдралаа төрийн албанд зориулсан жинхэнэ төрийн хүн. Энхтүвшин, гэргий Б.Адьяасүрэн нар хоёр хүү, гурван охинтой арваад ач зээтэй өнөр өтгөн айл.
Төрийн хүн маань “Ай миний аавын нутаг
Ай миний унаган нутаг
Амь насны ариухан дурсамж” гэж шүлэглэн авьяасаа сорьж хийж бүтээх их ажлаа бодож төлөвлөж мөн л амсхийх завгүй явна.