Хоршоологчдод эв нэгдэл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хоршоологчдод эв нэгдэл хэрэгтэй

Нийслэлийн хоршоологчдын чуул­га уулзалт өчигдөр Хангарьд ордонд болж,  бизнес эрх­лэгч­дийн хоорондын хоршил, эв нэгдлийн талаар яриа хэлэлцээр өрнөсөн.  Хоршооллын ая тусыг монголчууд аль дээрээс мэднэ. Нэг хэсэг ганц ганцаараа тоглолт хийх дуртай байсан Монголын  бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй хоршоололд нэгдэх болжээ.  Мэдээж,  хоршино гэдэг хоршиж дуулахын нэр биш нь тодорхой хойно бизнес эрхлэхэд учирдаг зовлон жаргалаа хамтдаа үүрэлцэж, бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэхийн төлөө нэг хоёроороо, гурав дөрвөөрөө, тав зургаагаараа хамтрах болсон байна.

2012 оныг дэлхий нийтээр “Хоршооллын олон улсын жил” болгож байгаатай холбогдуулан хоршооллын ач тусыг жижиг дунд үйлдвэрлэгчдэд мэдрүүлэх зорилгоор Хоршоолол-90 жил” аяныг 21 аймагт бүсчлэн зохион байгуулсан. Үүний ачаар хөдөөгийн жижиг дунд үйлдвэрлэгчид хоршоолол байгуулснаар бизнесийнх нь үйл ажиллагаа өргөжин тэлнэ гэдэг ойлголттой болсон  байна.  Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осорын хэлснээр Монгол Улсад хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх, салбарыг чадавхижуулах цогц арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхээр Засгийн газар, ОУ-ын байгууллагууд, Хоршоо, хоршоодыг дэмжигч байгууллагууд, Хоршоодын холбоод санаачлан ажил­лаж байгаа гэнэ. Монголд хоршооллын тоо нэмэгдэх тусам үйлдвэрлэл сайжирч, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь дээшлэх болно гэдгийг ч онцолсон. Мөн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрүүдэд олгож буй зээл хоршооллыг олноор төрүүлэх боломж олгож байгааг ч дурдсан.

Хөрөнгө хөдөлмөрөөрөө хор­­шиж, хамтарч үйлдвэрлэл, үйл­чил­гээ эрхэлж буй нийслэлийн хоршоологчдын хувьд хамгийн их санааг нь зовоодог зүйл бол хяналт шалгалт гэнэ. Хэтэрхий их хяналт, шалгалт бизнес эрхлэх боломжийг чөдөрлөж байгаа ч дурд­­сан юм.  Хоршооллын хөдөл­гөөний талаархимэдлэгийг олон ний­тэд өгөх, бүх нийтээр энэ хөдөл­гөөнийг дэмжих болом­жийг бүрдүүлэх үүднээс Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газ­раас Монголын хоршооллын үндэс­ний нэгдсэн холбоо, Хас банк­тай хамтран “Нийслэлийн хоршоо­логчдын зөвлөгөөн-2011”-ийг зохион байгуулсан нь энэ юм байна. Зөвлөгөөнд оролцогчид хор­шиж, хамтарч амжилттай үйл ажиллагаа явуулж буй хоршоодоос туршлагаа судалж, цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас боловсруулж буй “Хоршоо хөгжүүлэх нийслэлийн дэд хөтөлбөр”-т тусгах асуудлуудын талаар энэхүү чуулга уулзалтын үеэр санал солилцсон.

Монгол Улсад хоршооллын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2”-ийн хэрэг­жил­тийг хангах, олон нийтэд сур­тал­члан таниулах үүднээс энэ онд “Хоршоолол-90 жил” аяныг 21 аймагт бүсчлэн зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 300 гаруй хоршоод үйл ажиллагаа явуулж байгаагаас 140 гаруй нь идэвхитэй ажиллаж байна.  Үлдсэн 160 гаруй хоршоог идэвхтэй үйл ажиллагаа явуулахад шат, шатны газрууд нь анхаарч ажиллахаар болсон юм. Зарим хоршоод санхүү мөнгөн дээ­рээ ойлголцдоггүй, хөрөнгө оруулалтын асуудлаас бо­лоод үйл ажиллагаа нь зогсоход хүр­дэг. Тиймээс эв нэгдэл хэрэгтэй байгаа талаар чуулга уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Ж.Гэг /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж