
Капитализм бол хувь хүн өөрийн гэсэн хөрөнгөтэй, мөнгөтэй, байртай байшинтай, өөрийн гэсэн өмчтэй байхыг чухалчилсан нийгэм гэж олон хүн боддог. Энэ нь эндүүрэл байж, өнөөдрийн дүр зургаас харвал… Нөгөө гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр гаднаас нь харахад капитализм байгуулаад байгаа ч юм шиг, дотор нь ороод харахаар социализм руу үсрээд байгаа ч юм шиг, бүү мэд ээ. Нөгөө эр үхэр саагаад элгэн тараг бүрнэ гэдэг шиг л бүтээн байгуулалт өрнөөд байх шиг.
Сая саяар нь мөнгө тарааж, хөлжсөн нэгнээ олигархиар дуудаж, хөрөнгө оруулагчдыг хөөж туугаад л. Хотоо харлуулсан малчинд хонь бэлэглэж, хэн нэгний тарьсан ургацыг нь худалдах ажлыг төр хариуцаад л. Төр бүхний манлайд, төр бүхний түрүүнд, төр бүхнийг шийдвэрлээд л.
Аав аа, капитализмыг алгасах социалист хөгжил гэж юу хэлээд байгаа юм бэ?
-Тэгж хөгжиж болох нь уу, үгүй юу гэж оросууд манайхан дээр туршиж үзсэн юм. Бүтэлтэй юм болоогvй л дээ.
-Тэгвэл одоо яагаад социализмын бүтээлч байгууллын үе гэж зурагтаар дандаа яриад байгаа юм бэ?
-Зах зээлээс ухраад дахиад социализм руугаа буцвал ямар байдгийг нь хятадууд манайхан дээр туршиж байгаа юм гэдэг л болоод байна даа.
Өнөөдрийн зах зээл нь өөх ч биш булчирхай ч биш болчихсоноос харахад бүгдээрээ капитализмыг дахин алгасах ёстой ч юм шиг. Яадгийм, тэгээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр гэртээ хэвтэж байя л даа.