Ч.Сангарагчаа нарыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа нарыг өнөөдөр шүүнэ

Хагас жилийн турш  олон нийтийн анхаарлын төвд байсан Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Дээд шүүхэд  болно.

 Өнгөрсөн гуравдугаар сарын 21, 22-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаар  Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр  жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан билээ. Харин давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болж, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр баталсан юм. 

Өнөөдрийн  хуралд илтгэгч шүүгчээр Дээд шүүхийн шүүгч С.Нямжав оролцох ба хэргийг  таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй  хэлэлцэх юм байна.  Мөн  шүүх хуралд Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч   Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар,  Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган,Ц.Монгол, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба, н.Одончимэг  нар оролцох аж.  Хяналтын шатны шүүх хурлаар эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв хэрэглэсэн эсэх гэсэн хоёр асуудлыг  хэлэлцэнэ. Төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлийг яллаглагчдын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж