
Үндэсний аудитын газар нь УИХ-ын дэргэдэх байгууллага бөгөөд төрийн байгууллагуудын төсөвт хяналт тавьдаг. Харин төсвөө батлуулахдаа эхэлж Засгийн газраар хэлэлцүүлдэг. Энэ явцад Сангийн яамны захын мэргэжилтэн төсвийг нь танадаг. Үүнээс болж Үндэсний аудитын газрын хувьд бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг олгодоггүй. Танагдаж танагдаж ирсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж баталдаг тул бусад байгууллагатай харьцуулахад чиг үүрэг нь өөр тул шууд УИХ дээр төсвийг нь хэлэлцэн баталдаг байхаар тусгай заалт оруулж өгөх хэрэгтэй байна гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг гаргасныг Сангийн сайд “Хүлээж авах боломжгүй саналын томъёолол” гэж эсэргүүцэв. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв Үндэсний аудитын газрын төсвийг зөвхөн УИХ-аар хэлэлцүүлээд баталдаг байх юм бол байгууллага бүр ийм зарчмаар төсвөө батлуулахыг хүснэ. Нөгөө талаасаа байгууллага бүр өөр өөрийн төсвийн хуультай болох процесс руу явна” гэлээ. Гэхдээ Аудитын байгууллагын тухай хууль, бусад холбогдох хуульд Аудитын байгууллагын бие даасан байдлыг хадгалахын тулд төсвийг УИХ-аар хэлэлцэн батлах ёстой гэж хуульчилсан байдаг аж. Тийм учраас маргаан дагуулсан энэхүү саналын томъёоллыг эргэж нягтлан найруулгын хувьд нь янзлан дахиж санал хураалгахаар боллоо.
Санал хураалт үргэлжилж байна.
Энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төслийн хүрээнд 30 шахам дагалдах хуулийн төслүүдийг давхар хэлэлцэж буй тул Төсвийн байнгын хорооны гишүүд нэлээд цаг хүч шавхаж байна.