Монгол бэхэн зургийн гайхамшгийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Монгол бэхэн зургийн гайхамшгийг дэлгэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 19-нд буюу маргааш 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадрал хоёр дахь бие даасан “Монгол ертөнц” үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
 
Зураач, уран барималч С.Бадрал нь 1983 онд ДУДС-ийн уран баримлын ангийг уран барималч Р.Энхтайвны урланд мөн 1993 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Урлагийн Академид нэрт уран барималч, профессор М.К.Аникушины урланд тус тус суралцаж, төгсчээ. Зураач, уран барималч С.Бадрал өдгөө СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран баримлын багшаар ажиллаж, авьяаслаг олон шавь нарыг төрүүлж байна. Мөн тэрбээр МУЭ-ийн тэргүүлэгч гишүүн юм.

1994 онд анхны бие даасан үзэсгэлэнээ Уран зургийн  галерейд “Баянговь” нэртэйгээр гаргаж байсан бөгөөд түүнээс хойш гадаад дотоодод зохиогдож байсан Монголын зураачдын үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ байнга оролцож иржээ.

Энэ удаад тэрбээр “Монгол ертөнц” үзэсгэлэндээ Монгол бэхэн зургийн орхигдсон уламжлалыг өөрийнхөөрөө сэргээн хөгжүүлж, уран баримлын хэлбэр форум, бодит болон хийсвэрлэл бүхий  дүрслэлт зохиомжтой  бүтээлүүдээрээ эртний түүх, эдүгээгийн амьдралын дүр зургийг дүрслэн харуулснаараа онцлог аж. Үзэсгэлэнд 100 гаруй бэхэн зураг, 30 гаруй уран баримлын бүтээлүүдээ тавих юм байна.

Түүний бүтээлийн сэдэв нь эртний Монголын баатарлаг түүх, нүүдэлчин малчдын амьдрал, тэмцэл, үнэн дүр төрх, сэтгэл зүйн онцлогийг шингээснээрээ сүнслэг, нарийн мэдрэмж, яруу дүрслэлээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг. Мөн АНУ, Өмнөд Солонгос, Герман, Хятад, Франц, Нидерланд зэрэг 30 гаруй оронд  түүний бүтээлүүд Монголын түүхийн тухай ном бүтээлүүдэд хэвлэгдэж эх орноо өөрийн бүтээлээрээ сурталчилж байна. Бүтээлүүд нь гадаадад болон, Монголын галерей музей, хувь хүний цуглуулгад хадгалагдаж байна.

С.Бадрал нь багшилж, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөрийн шинжилгээ, судалгааний бүтээлүүдээрээ нийт 12 ном товхимол хэвлүүлсэн. 2001 онд “Эртний Монголын чулуун баримлын судлагаа” сэдэвт бүтээлээрээ Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Түүнчлэн эртний Монголын дүрслэх урлагийн болон ховор судар номын цуглуулгаараа “Чингис хааны өв” музейг 2006 онд байгуулсан аж.

“Монгол ертөнц” үзэсгэлэн аравдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж