
Өнгөрсөн сард лигийн сүүл мушгиж явсан “Уэстхэм” сайн тоглолтуудынхаа үр дүнд хасагдах шатны дээр гараад байгаа. Сарын эхээр “Блэкпуль”-ийг талбайд нь 3:1-ээр хожсон тэд дараа нь “Уэст Бром”-той хийсэн тоглолтод 3:0-ээр хожигдож эхний хагасыг өндөрлүүлсэн ч хоёрдугаар хагаст итгэмээргүй сэргэн мандаж, тэнцээ хийсэн билээ. Харин сарын эцэст “Алхнууд” “Ливерпуль”-ийг 3:1 харьцаатай буулган авахад эхний гоолыг Паркер оруулсан юм. Түүний хувьд Премьер лигийн сарын шилдэг тоглогчийн шагналыг анх удаа гардан авч байна.
Харин хоёрдугаар сарын шилдэг менежерээр Арсень Венгер тодров. Өмнө нь 10 удаа энэхүү шагналыг хүртэж байсан түүний баг болох “Арсенал” хоёрдугаар сард ганц ч ялагдал хүлээгээгүй юм. Лондонгийн “Их буучид” өнгөрсөн сард “Эвертон”-г 2:1, “Вулвес”-ийг 2:0, “Стоук Сити”-г 1:0-ээр тус тус хожсон. Харамсалтай нь, “Ньюкасл”-ыг 4:0-ээр хожиж яваад дараалан дөрвөн гоол алдсанаар тэнцсэн билээ.