Л.Намдаг нийтийн барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Л.Намдаг нийтийн барилдаанд түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг намрын бөхийн баяр цуврал барилдааны нэг  нийтийн монгол  шандастны болон, өсвөр бөхийн барилдаан өнгөрөгч бямба гаригт /2011-10-15/ Монгол бөхийн өргөөнд  боллоо. Нийтийн монгол шандастны барилдаанд  өнгөрсөн хавар болоод түүний өмнөх барилдаануудад тэргүүлж  байсан улаан элэг бүст   Увсын Банзрагч, цэнхэр элэг бүст  Хөвсгөлийн Пүрэвдаваа  тэргүүтэй нийт 96 бөх барилдсан. Зүүн, барууныг магнайлж гарсан улаан, цэнхэр бүстнүүд маань  эхний даваанд тун төвөггүйхэн учраагаа орхицгоов. Харин хоёрын даваанд барууныг магнайлан барилдаж байсан цэнхэр элэг бүст Пүрэвдаваа Говь-Алтайн Оргилсайханд өвдөг шороодсон юм. Дөрвийн даваанд зүүнийг магнайлан барилдсан улаан элэг бүст Банзрагч, Өвөрхангайн Баярмөнхөд шороодсноор шинэ элэг бүстэн төрөх боломж нээгдсэн юм. 96 бөх барилдсан тул  тавын даваанд  гурван бөх үлдэж тойргоор барилдав. Эхлээд Баян-Өлгийн Н.Айбек, Хөвсгөлийн Ц.Рааш нар барилдаж Ц.Рааш давсан бол  Н.Айбек, Увсын Л.Намдагтай барилдаж   мөн унаснаар гуравдугаар байранд орлоо.Уг нь Н.Айбекийг нутгийханы нь хэдэн залуус  тун сайн дэмжсэн. Ингээд намрын бөхийн баяр нийтийн монгол шандастны тэргүүн байрыг Увсын Л.Намдаг, Хөвсгөлийн Ц.Рааш нар булаалдаж, Увсын Л.Намдаг түрүүлж цэнхэр элэг бүст болсон бол, Хөвсгөлийн Ц.Рааш удаалж, өөрийн амжилтаа ахиуллаа.  

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж