Ч.Сангарагчаагийн хэргийн бүх зүйлчлэлийг эсэргүүцнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийн бүх зүйлчлэлийг эсэргүүцнэ

Хагас жилийн турш  олон нийтийн анхаарлын төвд байсан Авилгатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш болно. Өнгөрсөн гуравдугаар сарын 21, 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаар Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болж, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр баталсан юм.  Маргааш болох хяналтын шатны шүүх хуралд илтгэгч шүүгчээр Дээд шүүхийн шүүгч С.Нямжав оролцож, нийт таван шүүгч хэргийг хэлэлцэнэ. Мөн шүүх хуралд Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч  Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар,  Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган, Ц.Монгол, Ө.Алтангадасын өмгөөлөгч С.Цэдэндамба, н.Одончимэг  нар оролцох юм байна.

АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Б.Хишигбаатарын хэлснээр хяналтын шатны хуралд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон эрүүгийн хэргийн таван зүйлчлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Хяналтын шатны шүүх хуралд өмгөөлөгчид шинээр баримт сэлт гаргаж тавьдаггүй. Харин эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв хэрэглэсэн эсэх гэсэн хоёр асуудлыг хэлэлцдэг. Тэгэхээр төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлийг өмгөөлөгчид нь хүлээн зөвшөөрөхгүй, хууль буруу хэрэглэсэн гэх байр сууринаас оролцох нь.

Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн  87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт заасан таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй  гэж үзсэн. Үүнтэй адил зүйл ангиар буруутгагдаад байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдоогүй учир анхан шатны шүүх хурлаар цагаатгасан билээ. Тэрбээр хяналтын шатанд ямар нэг гомдол гаргаагүй учир маргааш болох хуралд түүний өмгөөлөгч оролцохгүй гэнэ.

Ч.Сангарагчааг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар, 111.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх  эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Ч.Сангарагчаад 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг  нэмэгдэл ялын хамт 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан шийдсэн юм. Ингээд түүнд таван зүйл ангийн нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйл ангийг өршөөлд хамруулан үлдсэн гурван  зүйл ангийг нэмж нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байв. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хуваарилагдсан тэрбээр хорих ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байгаа билээ.

Дарга нарынхаа хөлд чирэгдэн хоёр жилийн хорих ял сонссон  гэх Д.Сундуйсүрэн Зайсан дахь хорих ангид ял эдэлж буй. Түүний өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбулган ажиллаж байгаа. Тэрбээр хяналтын шатны хуралд Ц.Монгол өмгөөлөгчийг нэмж авсан байна.

Харин хоёр шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас Тахир соёотын хорих ангид ял эдэлж байгаа.  Түүний өмгөөлөгчөөр С.Цэдэндамбаа, н.Одончимэг нар ажилласан хэвээр байгаа аж.  Тэдэнд эрүүгийн хуулийн  87.1, 133.1 дэх хэсэгт зааснаар хоёр зүйл ангиар буюу  төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож, 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял  тус тус оноож,  нийт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон ч албан тушаалыг нь түдгэлзүүлээгүй, АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга Г.Бадарчийн тухайд АТГ-ын үйл ажиллагааг удирдан явуулж байгаа.

Хяналтын шатны шүүх хурлын шийдвэр  гарсны дараа  АТГ-ын дарга нарын албан тушаалыг түдгэлзүүлэх, шинэ удирдлага томилох зэрэг асуудлууд ар араасаа хөвөрнө. Товчхондоо хяналтын шатны шүүхийн шийдвэр “толгойгүй” болоод байгаа АТГ-ыг цэгцэнд нь оруулах юм. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж