Баруун Цанхийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Баруун Цанхийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хийнэ

Баруун Цанхийн хэлэлцээр хойшилсон гэнэ. Тодруулбал, хэлэлцээрийн ширээний ард суух гол дүрийн “тоглогчид” ирээгүйгээс хойшилсон аж. Тавантолгойн ажлын хэс­гийнх­ний хувьд энэхүү хэлэлцээрийн үед их гүрнүүдийн өөдөөс зоригтой дуугарах бэлтгэлээ базаасаар байгаа. Хамгийн гол нь Монголын ашиг сонирхлыг тэргүүнд тавина гэдгийг гад­ныхны чихэнд хоногшуулах нь тэдний үүрэг.

Шаардлага хангаагүй гэх шалт­гаанаар тэдний төслийг бу­цааж шидсэн туршлага ҮАБЗ-д бий. Тэд энэ үйлдлээ дахин давтахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс Орос, Хятад, АНУ тус бүр 30 хувийг авч, манайд 10 хувийг үлдээх саналыг гадныхан гаргасан. Энэ нь ихээхэн зөөлөн санал аж. Гэтэл манай тал 10 хувийн оролцоог хангаж чадахгүй байх магадлал өндөр гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ үед хэн хэндээ ашигтайгаар гэрээ байгуулж манайд хөрөнгө оруулах улс, орон бишгүй л бий. Харин орос, америкчууд үүнд тун дургүй байгаа. Төслийг дахин боловсруулахаас өмнө яригдаж буй дараагийн хувилбар нь Япон, Өмнөд Солонгосын компаниудыг АНУ-ын тал өөртөө нэгтгэж магадгүй гэх яриа. Япон, солонгосчуудыг хэлэлцээрт татан оруулах нь манайд ашигтай гэх саналыг ажлын хэсгийнхний зарим нь гаргасан. Баруун Цанхид манайхтай хамтарч ажиллах стратегийн хөрөнгө оруулагчид нь очиж очиж АНУ, Орос, Хятад гурав. Хоорондоо төдийлөн таарамжгүй гурвыг дэлхийд номер нэгүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгэхээр тэдний арслан, барын хүчийг зөөллөх хөндлөнгийн этгээдүүд зайлшгүй хэрэгтэй тул урьдчилсан хэлэлцээрт орсон Япон, Өмнөд Солонгосын компаниудын төлөөллийг энэ удаад байлгах хэрэгтэй гэнэ.
 

Энэ талаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодрууллаа.

-ОХУ-ын төлөөлөгчид ирээ­гүй учраас Баруун Цан­хийн хэлэлцээр хойшил­лоо гэсэн. Хэдийд хуралдах вэ?

-Энэ долоо хоногийн сүүлээр хуралдана. Оросоос ирэх төлөөлөгчид ямар шалтгаанаар ирж чадахгүй болсоноо хэлээгүй. Уг нь өнөөдөр /өчигдөр/ хуралдах ёстой байсан юм.

-Япон, БНСУ-ын компа­ниудыг хэлэлцээрт оруулна гэх юм. Тэгэхээр тэд Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэсэн үг үү?

-Тэд оролцоно. Япон, Өмнөд Солонгосын талаас өмнө нь тендерт оролцож байсан компаниудын төлөөлөл оролцох юм. Мэдээж хэлэлцээрт оролцож байгаа учраас тэдний хувь, ашгийг ярилцах болно.

-ҮАБЗ-д төслийг дахин танилцуулах үеэр ордыг хуваалгүй ашиглах тухай УИХ-ын байр суурь дахин гарч ирэх вий гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдад байгаа. Баруун Цанхид голлох үүрэг гүйцэтгэх орнууд үүнийг хэрхэн дүгнэж байгаа бол?

-Бидэнд аль хувилбар нь илүү ашигтай тусах вэ гэдгийг харгалзан үзнэ. Мэдээж асар нарийн тооцоо, судалгааны үндсэн дээр гэрээ байгуулж, төслийг танилцуулах учиртай. Тиймээс хэлэлцээрийн дараа энэ асуудал тодорхой болно. Гадныхны хувьд энэ тал дээр болгоомжлох хандлага бий.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ТӨХ-ны дарга Д.Сугараас энэ талаар тодруулахад “Оросууд яах гээд ирэхээ хойшлуулсныг мэдэхгүй байна. Энэ асуудлыг олон нийтэд зарлахдаа эхнээс нь ташаа мэдээлсэн юм. Олон нийтийн дунд “Оросын төмөр зам” болон Япон, Өмнөд Солон­госын консорциумыг задалсан буруутан нь Монголын тал гэх ойлголт тархсан байна билээ. Манай улс бие даан оролцох эрхтэй тул аль нэг консорциумтай нэгдэж болно. Аль ч талаас нь дүгнэсэн япон, солонгосчуудыг бүр мөсөн хасах нь эдийн засаг, улстөрийн хувьд тийм ч таатай зүйл биш. Үүнийг бид гадныхантай хамтралгүй дотроо шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн юм.

Ер нь яаж ч бодсон, тендер эхлэх үед л АНУ-ын “Пибоди Энер­жи”, Хятадын “Шинхуа” бо­­лон Японы “Иточү”, “Мицуй”-н нэгдэл, “Оросын төмөр зам” болон Япон, Өмнөд Солонгосын консорциумууд өрсөлдөж бай­сан. Харин эцсийн мөчид АНУ, Хятадаас гадна Орос улс тендерт ялалт байгуулсан ч нэр нь өөрчлөгдөж Орос, Монголын хамтарсан консорциум болсон нь гайхмаар үйл явдал болсон юм. Харин Монголын талаас оролцож буй компанийн нэр тодорхойгүй байсаар. Уг нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд Монголын компанийг консорциум болгон оролцуулна гэж заасан байдаг. Тиймээс үүнийгээ эхнээсээ мөрдлөг болгохгүй яасан юм гэх хардалт ч бий.

ҮАБЗ-д “Тавантолгой” төс­лийг дахин танилцуулахаас өмнө голлох гурван оролцогч давуу байдлаа хадгалахын тулд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Хятадуудын хувьд Тавантолгойн эрчим хүчний нүүрсийг олон улсад, тодруулбал өөрийн зах зээлд амжилттай борлуулж өгөхөө амлажээ. Учир нь Тавантолгойн нүүрсний 40 хувь нь эрчим хүчнийх. Үүнийг Япон, Өмнөд Солонгос, Герман тэргүүтэй орнууд ашиглах сонирхолгүй. Харин хятадууд эрчим хүчний нүүрсний хамгийн том хэрэглэгч учраас авах нь тодорхой. Тиймээс бид 51 хувийг эзэмшье гэх санал гаргасан гэнэ.

Оросууд болохоор төмөр замын тээврийг өмнөө барин дулдуйдаж, улстөрийн харилцаа, бас бус импорт, экспортын наймаагаа цухуйлган 51 хувийг авах санаатай байгаагаа илэр­хийлсэн аж. Америкчууд мөн л 51 хувь гэж байгаа ч ямар нэгэн давуу тал дурдаагүйг үзэхэд өөртөө итгэлтэй байгаа бололтой.

За одоо бүгд нийлээд 153 хувь боллоо. Гэтэл манай хяналтын хувь, ашиг сонирхлыг хэрхэн зохицуулахыг харах л үлдэх шив. Мэдээж 153 хувь бол бүтэшгүй мөрөөдөл. Эдгээр санал, шууд хэлбэл тулгалтууд Монгол Улсын ашиг сонирхлын талаарх гадныхны бодлыг илтгэж буй  хэрэг бус уу.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж