“Ройтерс” Улаанбаатарын агаарын бохирдлыг онцлов

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Ройтерс” Улаанбаатарын агаарын бохирдлыг онцлов

“Улаанбаатар хотынхон утаа бага ялгаруулдаг зуух худалдан авч, агаарын бохирдлыг бууруулах эхний алхмаа хийж эхэллээ” хэмээн Ройтерс бичжээ.

“Ройтерс”-ын нийтлэлд “ДЭМБ-аас явуулсан судалгаагаар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй энэ хотын тэнгэрт тогтсон утаан хөшигт нүүрс түлдэг гэр хорооллын айлуудыг буруутгадаг билээ. Харин агаарын бохирдол хамгийн ихтэй хотын нэгдүгээрт Ираны өмнөд хэсгийн Авхаз хот орж байгаа юм” гэжээ. Цаашилбал,

“Төслийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар утаа багасгадаг зуух агаарын бохирдлыг 80 хувь бууруулах аж. Гэр хорооллын айлуудыг утаагүй зуухаар хангах төслийг Монголын Засгийн газар донор орнуудын хандив тусламжаар хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын өөр нэг том шалтгаан нь хөдөөнөөс хотыг чиглэсэн дотоодын шилжилт хөдөлгөөний их урсгал юм. Хот руу чиглэсэн энэ шилжилт хотын ачааллыг нэмэгдүүлж, байгаль орчинд ч сөргөөр нөлөөлж байна. Канадын Ванкувер хотын Саймон Фрейзерийн их сургууль Улаанбаатар хотын 10 иргэний нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байгааг харуулсан судалгаа явуулсан байдаг. Хүлэмжийн хийн бохирдол, чулуун нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь дэлхийн уур амьсгалын дулааралд хамгийн их нөлөө үзүүлсээр байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ч мөн үүнд багагүй хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно.

Улаанбаатар хотын тэнгэрт тогтсон утаан хөшгийг арилгахаар ажиллаж буй  Мянганы Сорилтын сангийн төлөөлөгч Кортни Энгельке "Улаанбаатарт өвөл онгоцноос буухад л агаарын бохирдол гэж юу болохыг мэдэрнэ. Хот бүхэлдээ хар утаан бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Би өвөл гэр хороололд амьдарч байсан. Амьсгалахад төвөгтэй болдог” гэжээ. ДЭМБ-аас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын нэг м/кв бүсэд хорт утаа PM10-ийн хэмжээ 279 микро гр байхад АНУ-ын Вашингтон хотынх ердөө 18 микро гр байжээ. Харин агаарын бохирдол хамгийн ихтэй Ираны Авхазад хорт утааны хэмжээ 372 микро гр байдаг юм. Улаанбаатар хотод зуны улиралд агаарын бохирдол харьцангуй бага боловч өвлийн ид хүйтэнд зарим газар хорт утааны хэмжээ нэг м/кв-д 2000 микро гр хүрдэх тохиолдол ч байдаг. Агаарын бохирдол хамгийн ихтэй 10 орны тоонд Монгол, Иран, Пакистан, Ботсван зэрэг хөгжиж буй орнууд багтдаг байна” хэмээжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын нэгэн иргэн “Ройтерс”-т "18 жилийн өмнө Улаанбаатар хот ямар ч утаагүй байсан. Тэнгэр цэлмэг, хүн ам ч цөөн байж. Харин одоо бол өвөл нь цонхоо онгойлгох ч хэцүү болсон. Утааг багасгахад хүн болгон, айл бүр хувь нэмрээ оруулахгүй бол ямар ч төсөл хэрэгжүүлээд нэмэргүй шүү дээ” гэж ярьсныг энэхүү мэдээлэлд дурьджээ.

Бэлтгэсэн: Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж