Хойд Солонгосчуудыг их өлсгөлөн нөмөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосчуудыг их өлсгөлөн нөмөрлөө











Хойд Солонгосын иргэд дахин их өлсгөлөнд нэрвэгджээ.
Энэ бол олон жил угжирч байсан гамшиг туйлдаа хүрсний дохио бололтой. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын хүн амын дөрөвний
нэг нь буюу зургаан сая хүн өлсгөлөнгөөс болж амиа алдахад хүрээд байгаа тухай мэдээлж байв. Үүний дараахнаас хаалттай коммунист орон руу тусламжийн цуваа нэвтэрч
эхэлсэн юм. Хойд Солонгосын хүн амын гуравны хоёр нь улсаас тарааж өгдөг хүнсээр
гол зогоодог тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн. Гэтэл өнгөрсөн оноос
эхлэн улсаас өдөр тутам иргэн бүртээ өгдөг 700 грамм будааг 200 грамм болгон бууруулжээ. Өмнө нь 2009 онд хийсэн валютын шинэчлэлээс
болоод иргэдийн дийлэнх нь хоол хүнс худалдан авч хүчрэхээ больж, улсаас өгөх жаахан хүнсийг  харж суудаг болсон
байна.

Өнгөрсөн хавар АНУ-ын тус­ламжийн таван баг Хойд Со­лонгост очиж. Тэнд
явсан хүмүүсийн  яриагаар “Хойд Солонгост
хоол тэжээлийн дутагдал халдварт өв­чин адил хүчтэй тархжээ. Үүнээс болж ойрын 6-9 сарын дотор маш олон хүн амиа
алдах бололтой” хэмээн “Voice of America”-д өг­сөн ярилцлагадаа дурьдаж байв. Өнгөрсөн зургаадугаар сард НҮБ-аас албан ёсоор “Хойд Солонгосын зургаан сая иргэнд үх­лийн
аюул тулгараад байна”  хэмээн мэдэгдсэн юм.
Хойд Солонгост өнгөрсөн өвөл маш хүйтэрсний зэрэгцээ зун долоо, наймдугаар сард үер болж
байгалийн гамшиг нүүрлэсэн. “Ройтерс” агент­лагийн сэтгүүлчдийн баг өнгөрсөн сард
Хойд Солонгосын өмнөд хэсгийн Хвангае мужид очиж, үерийн улмаас тариан талбайнууд юу ч үгүй болтлоо
сүйдсэн
тухай мэдээлж байв. Гэтэл энэ муж тус улсын тариа, буудайны нийлүүлэлтийн
гуравны нэгийг дангаараа хангадаг байжээ. Түүнчлэн Хаежу мужид 27 мянган хүн цэвэр усны нөөцгүй болсон. Үер ус цэвэрлэх төхөөрөмжийг бүхэлд нь эвдэлчихжээ. Тиймээс иргэд нь бохир ус хэрэглэж, үүнийг
дагаад хоол боловсруулах системийн өвч­лөл ихэссэн байна. НҮБ-ын шин­жээчдийн судалгаагаар Хойд Со­лонгост таван хүүхэд тутмын
гурав нь хоол тэжээлийн дутагдалд оржээ. Гэтэл үйлдвэрүүдэд нь тос, уураг, элсэн чихрийн аль нь ч байхгүй. Хүн амын
дундаж наслалт нь Өмнөд Солонгосын иргэдийнхээс 11 жилээр бага болсон байна.

Ким Чен Ир өнгөрсөн наймдугаар сард хилийн чинадад айлчлал хийсэн. Дараа нь ОХУ
50 мянган тонн үр тариа өгсөн юм. Өнгөрсөн долоодугаар сард Европын холбоо 10 сая еврогийн тусламж үзүүлжээ.
Өмнө нь 2008 онд цөмийн
зэвсгээс татгалзах зургаан талт хэлэлцээрийн ширээг Ким Чен Ир орхин гарсны дараа
туслахаас татгалзах болсон АНУ, Өмнөд Солонгос ч мөн л тусламжийн цуваагаа бага боловч сэргээж эхэлсэн юм. Гэвч тэдгээр
хүнсний
зүйлсийн
ихэнх нь цэргүүдэд зориулагддаг гэх албан бус мэдээ ч бий.

ЗХУ задарсны дараах жилүүдэд Хойд Солонгос хөрөнгө, санхүүгийн
эх үүсвэргүй болсны уршгаар төрөөс иргэдээ тэтгэх мөнгөгүй болж, энэ нь их өлсгөлөнг дагуулж байв. Энэ бол аль 1990-ээд оны үеийн
хэрэг. Үүний уршгаар ойролцоогоор 3.5 сая хүн амиа алдсан
тухай мэдээ, баримт бий. Хойд Солонгосоос дүрвэн гарч чадсан хүмүүсийн яриагаар энэхүү
аймшигт эмгэнэлийн тухай төсөөлөл дэлхийн дахинд бий болсон юм. Тэнд нүдэн дээр нь турж,
эцэн амь тавих сурагчдаа хараад зүрх нь шимшрэх багш, хоол тэжээлийн дутагдалд орж хөдөлж чадахаа
больсон өвчтөндөө ямар
ч эмнэлгийн тусламж үзүүлж чадахгүй гайхшрах эмчийн ярианууд хөвөрдөг. Хожим нь өлсгөлөнгийн тархац багасч, тэгэсхийгээд намжсан гэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ
өлсөх хүний тоо
нь л цөөрсөн байжээ.

Хүйтэн дайны үед АНУ, ЗХУ Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр нь
хуваасан юм. Харин бүс нутгийн хамгийн үржил шим муутай, хад чулуу ихтэй хэсэг нь хойд солонгосчуудад ноогджээ.
Тэнд тариа, будаа тарихад хэцүү.
Цаг агаар жаахан эвгүйдвэл ямар ч ургац авч чадахгүйд хүрнэ. Гэтэл Хойд Солонгосын жирийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр
нь газар тариалан. Аль эрт япончуудын орхиод явсан төмөрлөгийн
үйлдвэрүүдийн
эвдэрхий буурийг эс тооцвол тэнд ямар ч үйлдвэр байхгүй гэдгийг шинжээчид нотолдог. Мэдээж хэ­рэг, улсынхаа сан хөмрөгийн
дий­лэнхийг зориулдаг цөмийн зэвсгийн үйлдвэрийг тооцохгүй бол. Харин ЗХУ задарсны дараа 1990-ээд оны эхэн үед зах
зээлийн жамаараа хөгжиж байсан хар захын наймаа Хойд Солонгосын эдийн засаг сэргэх
нэг баталгаа болж байжээ. Гэвч наймаачид хөлжиж эхэлсэн нь Ким Чен Ирд таалагдаагүй учир хар зах
гэх ойлголт ч бас нэлээд явцуу хүрээнд хэрэглэгдэх болов. Ингэхээр хойд солонгосчуудад газар тариалангийн
салбарт ажиллахаас өөр гарц үлдсэнгүй. Одоогоос хоёр жилийн өмнө арай чинээлэг
иргэдээ үгүй  хийхийн тулд Хойд Солонгосын
эрх баригчид мөнгөн дэвсгэртээ шинэчилж байв. Бүх насаараа цуглуулж, авдрандаа хадгалсан мөнгө нь ердөө хоёрхон хоногийн дотор хэнд ч хэрэггүй цаас
болон хувирахыг харсан зарим хүн орилон хашгирч, аажимдаа галзуурч байсан тухай олон улсын агентлагууд
мэдээлж байлаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эр­хийн тухай мөрөөдөх эрхгүй хойд солонгосчуудад хөлжих боломж ч бас байсангүй. Сүүлдээ бүр амьдрах боломж нь ч үгүй болж байна. 

Иргэд нь модны үндсийг дахин дахин буцалган шөл гарган ууж, илүү
хэдэн өдөр амьдрахыг хичээж байхад Ким Чен Ир дэлхийн шилдэг тогоочдыг ордондоо
урьж, тэдний бэлтгэсэн ховор тансаг зүйлсийг зооглож сууна. Өөрийгөө Кенжи
Фужимото хэмээн танилцуулж, нэрээ нууцалсан Японы тогооч Хойд Солонгосын удирдагчдын
хоолыг бэлтгэдэг байсан он жилүүдийнхээ тухай дурсамж ном гаргасан байдаг.  Тэрбээр Иран, Узбекстанаас авчирсан түрс, Данийн
гахайн мах, Тайландын мангогоор их удирдагчийн үдийн зоогийг нь бэлтгэдэг байжээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон
эцэг эхээс амь голтой төдий хүүхэд төрж байхад Хойд Солонгосын эрх баригчид асар өндөр өртөгтэй
цөмийн
зэсвэглэлээр хөөцөлдөх санаархлаасаа хэзээ ч ухарч байсангүй.

Хойд Солонгост нүүрний хэлбэр нь дугариг хүн хамгийн царайлагт тооцогддог тухай Австралийн сэтгүүлч Барбара
Демик онцолсон байдаг. Шалтгаан нь тун энгийн. Ийм төрхтэй хүн яаж
ч турсан бай хамаагүй махлаг харагддаг учраас тэр. Харин дэлхий дахин сэтгэл хангалуун
инээмсэглэх Ким Чен Ирээр Хойд Солонгосыг төлөөлүүлэн харахаа болиод удаж байна. Учир нь түүний инээмсэглэл
өлсгөлөнд нэрвэгдэж,
ядарч туйлдсан 24 сая хүний сүүдэрт хэдийнэ дарагджээ.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж