Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Нам ч үгүй Д.Энхбат

Улсын дээд шүүх Монголын Ногоон намыг хүлээн зөвшөөрч бүртгэв. Харин даргаар нь сонгогдсон С.Маам нарын хүмүүс УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт нарыг намаасаа хөөж орхилоо. Ингээд Д.Энхбат өөрөө намгүй, Монголын Ногоон нам харин парламентад суудалгүй болчихов. Уг нь тэрбээр Ногоон намаар овоглож, ногоон өнгөөр имижээ хийсээр анх улс төрд хөл тавьсан юмсан. Монголд анх  интернэт гэх ойлголтыг оруулж ирснээс гадна нэг хэсэгтээ л “Форум”-аар овоглож явсан энэ эрхэм намгүй болсондоо нэлээд сандарч “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын томилсон шүүгчид ийнхүү хууль бус шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэв. Төд удалгүй Монголын Ногоон намынхан хуучин даргаасаа тамга, тэмдгээ нэхэж эхэлжээ. Үүнээс болж Д.Энхбат гишүүн дахиад сандрах бололтой.   Уг нь ажиглагчид Монголын улс төрд үгүйлэгдээд байгаа сөрөг хүчний орон зайг Иргэний зориг, Ногоон нам хамтран нөхөж чадна гэж дүгнэдэг. Гэтэл С.Оюунтай нэгдэх гэснийхээ хариуд нам ч үгүй, юу ч үгүй болж хоцорсон Д.Энхбат одоо “Юун сөрөг хүчин бэ” гэж хэлэхээр нөхцөл байдалд орчихоод байна. Уг нь хэдэн сарын турш хөөцөлдөж, намынхаа олонхийн дэмжлэгийг авсан гэх түүний үгээр бол Иргэний зориг-Ногоон нам аль хэдийнэ дээд шүүхэд бүртгүүлчихсэн баймаар. Гэтэл сайн үйлсэд садаа мундахгүй аж.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж