Засгийн газар хувиа 50 хүргэсэн ч “IVN” хувьцаанд нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Засгийн газар хувиа 50 хүргэсэн ч “IVN” хувьцаанд нөлөөлөхгүй

“Credit Suisse” банк Монголын Засгийн газар “Оюутолгой” төсөл дэх эзэмшлийн хувиа 50 болгож нэмэгдүүлсэн ч “Айвенхоу”-гийн хувьцаа буурахгүй, 25 канад долларт хүрнэ гэж үзжээ. Уг таамаглалтай “Маcquarie”, “BMO” зэрэг томоохон банкуудаас гадна “TD Securities” санхүүгийн байгууллага ч санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагын тооцооллоор “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа ирэх 15-30 жилд 25 канад доллараас буухгүй ажээ.

Томоохон банк, санхүүгийн байгууллагууд ийм дүгнэлт хийснээс үзэхэд “Оюутолгой” төсөл ихээхэн ашигтай нь харагдаж байна. Энэхүү дүгнэлт нь Монголын Засгийн газар эзэмшлийн хувиа тэлсэн ч хөрөнгө оруулагчдын байр суурь “Оюутолгой” төслийн хувьд итгэлтэй хэвээр байхыг илэрхийлж байгаа юм.

Одоогоор “Айвенхоу Майнз” компани нь дэлхийн зэсийн хоёр дахь томоохон ордод олборлолт хийх гэж буй “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж байгаа билээ. Харин “Айвенхоу Майнз” компанийн 49 хувийг “Рио Тинто” эзэмшдэг. Энэ нь “Оюутолгой” төслийн 32.8 хувийг “Рио Тинто” шууд бусаар эзэмшдэг гэсэн үг юм. Монголын Засгийн газрын хувьд уг төслийн 34 хувийг эзэмшиж байна.  

“Айвенхоу Майнз” компанийн нэгж хувьцааны үнэ нь наймдугаар сарын эхээр 25 канад доллар байсан бол аравдугаар сарын 4-нд бараг 50 хувиар буурч 12.97 канад долларт хүрээд байсан юм. Одоо тус компанийн хувьцаа бараг 30 хувиар өсч, 18.4 канад доллар болоод байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж