Дээрх үгийг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр хотын дарга Г.Мөнхбаяр харьяа газрын дарга нартаа анхааруулав. 14 хоног тутамд нийслэлийн ажил амьдралын талаар ярилцдаг өнөөдрийн ээлжит хурал дээр өнгөрсөн шуурхай дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд хот иргэддээ хийсэн ажлынхаа тайланг сонсгосон. Энэ тухай мэдээллийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. “Нийслэлийн есөн дүүрэгт өрнөсөн тайлан тавих арга хэмжээнд 5500 гаруй иргэн хамрагдсан байна. Нийслэлээс 238 албан тушаалтан оролцжээ. Энэ үеэр 2010 онд нийслэлчүүддээ зориулан хийсэн ажлын тайлангаа тараасан” гэв. Давхардсан тоогоор 216 иргэн амаар, 416 иргэн бичгээр санал тавьсныг холбогдох газруудад шилжүүлжээ. Одоо хотын харьяа газрууд иргэдээс ирүүлсэн санал шүүмжлэл бүрийг байгуулага дээр хэлэлцэж хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Шуурхай хуралдаан дээр хотын ерөнхий менежер Ч.Бат дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. ТҮК-үүдтэй 2008 онд 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Энэхүү шалгалтын явцад ТҮК-үүд гэрээгээ хэрхэн биелүүлж байгаа хийгээд өмчийн ашиглалт, бизнес төлөвлөгөөг голлон үзсэн гэж хэллээ. Зургаан дүүргийг дүгнэж үзвэл ТҮК-үүд гэрээний үүргээ дунд зэрэг биелүүлж байна. Энэ оны эхнээс цалин нэмэгдүүлснээр
Үндсэн цалин Гар дээр авч буй нь
Баянзүрх дүүрэг 354,000 300,000
Сүхбаатар дүүрэг 398,000 340,000
Хан-Уул дүүрэг 376,000 312,000
Чингэлтэй дүүрэг 300,000 260,000
Баянгол дүүрэг 300,000 269,000
Сонгинохайрхан дүүрэг 208,000 175,000
төгрөгийн ТҮК-ийн ажилчид авч байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргээс бусад дүүргийн ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдсэн байна гэж Ерөнхий менежер хэллээ. Түүнчлэн бүх дүүргийн ТҮК-т парк шинэчлэл хуучирчээ. Гэрээний дагуу парк шинэчлэлтийг тухайн ТҮК хариуцах ёстой. Энэ үүргээ умартсан байгааг онцоллоо. Санхүүгийн хувьд дампуурах дээрээ тулсан нь алга. Харин өр төлбөрийг цаг тухайд нь барагдуулах тал дээр ТҮК-үүд тааруухан ажиллаж байна гэлээ. Энэ мэдээллийг өгөх үеэрээ тэрбээр нийслэл хотод явагдаж буй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын явцын мэдээлэл дуулгасан. Өнөөдрийн байдлаар 6000 орчим тээврийн хэрэгсэл хамрагдаж нийслэлийн замын санд 340 сая төгрөг төвлөрсөн гэв.
Шуурхай хуралдаан дээр хотын дарга энэ онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлаас цухас дурьдлаа. Хот 79 тэрбум төгрөгийн ажил хийхийн 20 тэрбум нь 7 дугаар хорооллын гэр хорооллын газар чөлөөлөх ажилд зарцуулагдана. Түүнээс гадна үерийн усны далан, дүүргүүдэд усан бассейн барих, нэмж шинээр байгуулах 20 хорооны барилгын ажил бийг онцлов. Дээрхи ажлуудын зураг төсвийг Нийслэлийн зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа юм. Тус хүрээлэнгийн дарга С.Цахиур ирэх долоо хоног гэхэд зураг төсөв бэлэн болно гэж хэллээ. Автобусны буудлууд /дотроо халуун ус, угаалгын газар, хооллох газартай/-ын зургийг гаргасан. Харин усан бассейн, газар доорхи хонгилын шугамыг манайхан өөрсдөө анх удаа хийж буй болохоор амаргүй байсныг дуулгав. Авто замын газрын дарга Д. Од орон сууцны хороолол дунд баригдах замуудын үнийг дүнг тодорхой хэлж өглөө. Энэ ажилд гурван тэрбум 300 сая төгрөг зарцуулахаас хамгийн их үнийн дүнтэй ажил Сүхбаатар дүүрэгт хийгдэх юм байна. Тус дүүрэгт нэг тэрбум, Чингэлтэйд 700 сая, Баянзүрхэд 330 сая, Сонгинохайрханд 220 сая, Хан-Уулд 350 сая төгрөг өртөг бүхий замын ажил хийхээр төлөвлөжээ.
Энэ бүх мэдээллийг сонссоны дараа хотын дарга Г. Мөнхбаяр хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. “Юун түрүүнд дээрхи ажлуудыг бодит ажил болгох тал дээр анхаарцгаа. Одоо бодоод юмуу, суугаад баймааргүй байна. Бүх ажлыг хэрхэн яаж хийж гүйцэтгэхийг аль хэдийнээ та бид ярьсан. Хотын зүгээс иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдээс тавьсан асуултуудын хариуг аль болох хурдан өг. Энэ долоо хоногийн баасан гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц ТЭЗҮ-тэй танилцана. Үүний дараа текникийн нөхцөл олгогдох ажил явагдана. Энэ ажил бол энэ зааланд сууж буй бүх хүмүүсийн хамтын хүчин чармайлт байх ёстой юм. Тохижилтын хувьд энэ жилээс хашаа тойруулан хатгадгаа болих хэрэгтэй. Энэ ажил дөрөвдүгээр сарын дундаас эхэлнэ. Ердөө сар гарангийн дараа эхэлнэ гэсэн үг. Тохижилтын ажилд оролцох аж ахуй нэгж байгууллагуудтайгаа дүүргийн удирдлагууд уулзаж шаардлагатай гэвэл сургалт зохион байгуул” гэсэн үүрэг чиглэл өгсөн юм.
Дашрамд сонирхуулахад энэ жил дүүрэг тус бүрт нэг тэрбум төгрөгийг тохижилтын ажилд зориулан олгосон билээ.