Эмэгтэйчүүдийн квот пропорциональ хувиас хамаарна

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн квот пропорциональ хувиас хамаарна

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар энэ долоо хоногт Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтдоо 2015 он гэхэд үндэсний парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 30-д хүргэхээр тусгасан. Тэгвэл одоо 76 гишүүний гурав нь эмэгтэй байна. Жендэрийн тэгш байдлын хуулийг өнгөрсөн хавар хэлэлцэж батлахдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг Сонгуулийн хуульд тусгаж өгнө гэсэн амлалттайгаар эрхэм гишүүд хойшлуулсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ амлалтаа санаж байгаа юу. Эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг Сонгуулийн хуульд яаж тусгах, хэд орчим хувьтай байвал зохистой гэж үзэж буй талаар эрхэм гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Гишүүн Э.Бат-Үүл:

-Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг боломжтой болгох зорилгоор Ардчилсан намын бүлгийнхэн аль болох пропорциональ элементийг түлхүү оруулахаар ярьж байна. Пропорционалийг яагаад давуу оруулъя гээд яриад байна гэхээр эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлье, парламентаас гадуурх бусад намын УИХ дахь ирээдүйн оролцоог ч нэмэгдүүлье гэсэн зорилгоор ярьж байгаа. Гэтэл МАН-ын бүлэг мажоритар тал руу зүтгээд байна. Мажоритар хэт давамгайлаад ирвэл эмэгтэйчүүдийн квот бараг боломжгүй болно. Яагаад гэвэл мажоритар дээр эмэгтэй тойрог гэж хувааж болохгүй. Нэг тойргийг дан эмэгтэй нэр дэвшигчдийн тойрог гэвэл сонгогчид “Биднийг яаж байгаа юм” гэнэ шүү дээ. Иймэрхүү байдалтай мухардаад байж байна. Пропорциональ хувь ихсэх тусам эмэгтэйчүүдэд ногдох квотын хэмжээ ихсээд явах учиртай юм. Манай бүлгийн саналаар 38:38 гэвэл 20-30 хувийг эмэгтэйчүүдэд өгч болно.

Гишүүн Х.Тэмүүжин:

-Холимог тогтолцоонд пропорциональ ямар хэмжээнд орох вэ гэдгээс квот шалтгаална. Пропорциональ давуу орвол квотын хувийг өсгөх тухай ярьж болно. Пропорциональ бага орвол квот орж чадахгүй. Жишээ нь, МАН-ын бүлэг одоо 48:28-ыг санал болгож байна. Түүний 48 суудал нь мажоритар. Тэгвэл үлдсэн 28 суудал дээр квот хэд байх вэ гэдэг их зовлонтой. Магадгүй квот 15 хувь болж болно. Хэрэв пропорциональ давуу 50:26 гэж ярьж байсан үед бол 20 хувийг ярьж болох байсан. 38:38 дээр бол 20 хувь, эсвэл таван хүн тутмын нэг гэж ярьж болох байсан байх.

Гишүүн Я.Батсуурь:

-Квот байх шаардлагатай. Сонгуулийн хуульд квотыг тусгах байх гэж бодож байна. Эхний ээлжинд ядаж 15 хувийн квот байж болох юм.

Гишүүн Р.Раш:

-Минийхээр УИХ-д 8-10 эмэгтэй гишүүн байгаасай гэж бодож байна. Тэгэхгүй бол дуу нь арай цөөдөж харагддаг. Түүнийг хуульчлах уу, аль эсвэл шударгаараа үзэж байгаад гарч ирэх үү гэдэг асуудал өөр юм. Уг нь бол заавал тодорхой хувь тавьж хуульчлах нь эмэгтэйчүүдээ жаахан доогуур үзэхийг хуулиар хүлээн зөвшөөрч байгаа юм шиг харагддаг. Шударгаараа л өрсөлдөж гарч ирж байвал зүгээр юм.

Гишүүн Ц.Батбаяр:

-Ний нуугүй хэлэхэд одоогоор квотоор ярилцсан юм алга. Жендэрийг бол хүндэтгэнэ. Гэхдээ өнөөдөр УИХ-ын төвшинд л жендэрийн асуудал яригдаад байгаа болохоос биш бусад бүх төвшинд эмэгтэйчүүд давуу байгаа. Түүнийг харахгүйгээр хэдэн эмэгтэйчүүд “Бид УИХ-д заавал төлөөлөлтэй болох ёстой. Засгийн газарт төлөөлөлтэй болох ёстой” гээд байна л даа. Тэрнээс биш яам, агентлаг, хороо, дүүрэг, нийслэл гээд бүх газарт харин ч эмэгтэйчүүд 60 хувьд хүрчихээд байна. УИХ-ын сонгуульд заавал квотоор яах юм бэ. Ард түмэн өөрөө гишүүдээ сонгоно шүү дээ. Үнэхээр эх орныхоо төлөө, улсынхаа төлөө гэсэн хүмүүсийг ард түмэн сонгоно. Заавал квотод оруулж яах гээд байгаа юм. Би бол тийм л үг хэлнэ.

Гишүүн Ж.Батсуурь:

-Ер нь намуудын дүрэмд тодорхой квот заасан байгаа. Намууд сонгуульд нэр дэвшүүлэхдээ тодорхой хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэдэг зарчмаа барих хэрэгтэй. Эхний ээлжинд нэр дэвшигчдийн 30 орчим хувь байхад боломжтой гэж үздэг. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиас харахад аль аль нам нэлээд тооны эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн. Сонгогдож гарч ирсэн үр дүн нь жаахан тааруу байсан. Сонгогчид нэр дэвшигчдээс сонгохдоо л тийм сонголт гаргасан.

Гишүүн Ц.Даваасүрэн:

-Эмэгтэйчүүдийн УИХ-д сонгогдох, төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцох оролцоог би байх ёстой гэж үздэг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол аливаа асуудалд зарчим талаас нь ханддаг. Эрчүүд бол зүй тогтол талаас нь, хэн нь илүү ялаад байна гэдэг ч юм уу, бүлэглэлийн талаас хардаг. Гэхдээ сонгох, сонгогдох эрх бол хувь хүний тэгш эрхийн асуудал. Үндсэн хуульд тэгж заасан. Намууд эмэгтэйчүүдэд нэр дэвших бололцоог сайн олгох хэрэгтэй. Тэрнээс биш сонгогчдыг ингэж сонго, тэгж сонго гэж шаардаж болохгүй. Тэр тусмаа эмэгтэйчүүд бол сонгогчдын тал илүү хувь. Гэтэл тэд эмэгтэйчүүдийг цөөн сонгож байгаа нь эмэгтэйчүүд УИХ-д суух нь тэдний үндсэн сонирхол биш байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Хэрэв эмэгтэй гишүүн тэдэнд хэрэгтэй байсан бол сонгоод л гаргачихна шүү дээ.

Гишүүн Л.Гүндалай:

-Мажоритар системээр нэр дэвшүүлэхэд эмэгтэйчүүдэд квот тогтооход хэцүү байдаг. Ер нь боломжгүй гэж боддог. Харин намын нэрээр, пропорционалиар нэр дэвшүүлэхэд квот тавих нь зөв гэж бодож байгаа. Нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь эмэгтэй байвал зүгээр байх. Үүнийг намууд дүрэмдээ тусгаж өгөөд УИХ-ын сонгуулийн хуульд 15-30 хувь гэж тогтоож өгөх нь зүгээр гэж үздэг.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж