Багануур бие даасан хот болох цаг нь болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Багануур бие даасан хот болох цаг нь болжээ

Төрийн бодлого хүндээ хүрэхгүй байгаа бодит жишээ бол Багануур. Уурхайчдын хот Багануур. 26,9 мянган хүн амтай, нийслэлээс 130 км хол хэрнээ дүүргийн статустай. Улаанбаатараас хамгийн алслагдсан дүүрэг гэдгээрээ “шоовдорлогдсон” газар болсон ч юм шиг. Дүүрэг хэрнээ иргэд нь эрүүл мэндийн, боловсролын, иргэний, эд хөрөнгийн бүртгэлийн гээд бүхий л үйлчилгээгээ Улаанбаатарт байгаа юм шиг авч чадахгүй. Статусын хувьд ч аймаг, хоттой адил үйлчилгээ Багануурт байхгүй. Тийм ч болохоор бүхий л талаараа иргэн хүндээ чиглэгдсэн бодлого энд дутагдаж байгааг иргэд “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр хөндөж байлаа. Ардчилсан намаас орон даяар зохион байгуулж буй “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг ням гарагт Багануур дүүрэгт болсон юм. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж,  УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Л.Гантөмөр, Л.Гүндалай, Г:Баярсайхан, Багануур дүүргийн АН-ын дарга Б.Бямбадорж болон иргэд оролцлоо.

“Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн таван салбар хэлэлцүүлгээр “шоовдорлогдсон” дүүргийн өнөөгийн байдлыг иргэд ярьсан юм. Тэдний заримаас товчлон хүргэе.

Эрүүл чийрэг монгол хүн
Эрүүл чийрэг монгол хүн
Багануурт амьдрахын тулд асар хурдтай хувийн автомашинтай, Улаанбаатар очоод хувийн эмнэлэгт үзүүлчих хэмжээний мөнгөтэй л байх ёстой гэхэд нэг их хилсдэхгүй. Нарийн мэргэжлийн эмч дутагдалтай. Халдвартын эмчгүйгээс болж, хотод ойрхон дүүрэгт мененгитээр хүүхэд нас барсан. Дүүргийн статустай тул Эрүүл мэндийн газаргүй. Эрүүл мэндийн нэгдлийг ганцхан түшмэл мэддэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн бодлого байхгүй. Нэг барилга дотор хүүхдийн, эмэгтэйчүүдийн, мэдрэлийн, халдвартын эмнэлгүүд нь нэг дор байрладаг. Харин Улаанбаатарын дүүргүүдэд гадуурхагддаг болохоор иргэд нь эмчилгээ авах боломжгүй. Бие давхар эхийн зүрхний цохилтыг хянах зүрхний эхо аппарат ч байхгүй, арга буюу 13А маягт аваад 130 км зам туулах болдог аж.

Эрх чөлөөтэй монгол хүн

Өмнөх Засаг даргын үед Багануурын нийт иргэдийн дунд судалгаа явуулахад 90 гаруй хувь нь хотын статустай болохыг хүсч Засгийн газарт албан бичиг хүргүүлж байсан удаатай аж. Харин өнөөдөр хотын статусгүйгээс болж иргэдийн эрх зөрчигдөж байгаа жишээ олон байгааг иргэд ярьж байна. Наад захын жишээ дурдахад үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэхийн тулд Улаанбаатар Багануурын хооронд хэд хэдэн удаа явах, хүнд сурталтай нүүр тулж очерлох, Улаанбаатарт очоод байрлахаас эхлээд асар их чирэгдэлтэй нүүр тулдаг аж.

Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд хэт улстөржиж, иргэдийн эрхэнд халдаж байгааг иргэд ярьж байв. Уг нь багш, эмч нар улстөржих шаардлагагүй ажлаа хийж болох боловч сүүлийн үед ажлын томилгооноос болж улстөржин, эмнэлэг, сургуулийн даргын үзэл бодлоор ажилтнууд нь үг хэлэх эрх чөлөөгүй болсон гэнэ.

Эрдэм боловсролтой монгол хүн

Багануурын уурхайд 1080 хүн ажилладаг, төмөрлөгийн үйлдвэрт 300 гаруй хүн ажилладаг. Мөн Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК байрладаг. Үндсэндээ уул уурхай, эрчим хүчний дэд бүтэцтэй. Үүнийг нь түшиглэж, эрчим хүч, үйлдвэржилтийн хот болох ёстой. Ялангуяа боловсон хүчний бодлогоор анхаарах шаардлагатай гэдгийг “Эрдэм боловсролтой монгол хүн” хэлэлцүүлгээр ярьж байв. Тухайлбал дээрх уурхай, үйлдвэрүүдэд дадлага хийлгээд ажилд нь гаргах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх бололцоо байгаа аж. Гэсэн хэдий ч их, дээд сургууль, МСҮТ нэг ч байхгүй байгаад бодлогоор анхаарах цаг болсныг боловсролын салбарынхан хөндсөн. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, тэнд байрласан зарим их, дээд сургууль, уул уурхайн МСҮТ-ийн салбарыг Багануурт нүүлгэн, зүүн бүсийн мэргэжилтнүүдийг бэлтгэх бололцоо бий аж.

Мөн Багануурыг тойрсон Хэнтий, Төв аймгийн сумдын хүүхдүүд бүгд Багануурт ирж суралцдаг боловч сурагчдын дотуур байргүй. Үүний улмаас айл бүрт нэг айлын хүүхэд байрладаг, сурах орчин нөхцөл муу байгаа нь “Эрдэм боловсролтой монгол хүн” салбар хэлэлцүүлгийн нэг сэдэв байлаа.

Аюулгүй орчинтой монгол хүн

Алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг нүүрстэй хэрнээ нүүрсээ өндөр үнээр Багануурынхан авдаг, “Дулаан бидний амьдрал” гэсэн уриа Багануурын төвд харагдах боловч дулаанаа Улаанбаатарынхнаас ч өндөр үнээр авдаг аж. Учир нь ДЦС байхгүй. Ингээд нүүрсээ Улаанбаатарынхтай адил үнээр авч боловсруулаад иргэдэд хүргэдэг учраас иргэд нь хоёр дахин өндөр үнээр дулаан авдаг байна. Тиймээс баялгийн эзэд нүүрсээ хямд үнээр авч, дулаанаа хямдруулахыг хүсч байна. Тавдугаар ДЦС-ыг Улаанбаатарт бус, Багануурт байгуулвал илүү хямд үнэтэй дулаан авах бололцоотой гэдгийг иргэд ярьж байлаа.

Түүнчлэн Багануурын уурхай ил уурхай учраас газрын хэвлий нээгдэхэд агаарт их хэмжээний хорт бодисууд ялгардаг. Үүнд усан хөшиг байх ёстой аж. Өмнө нь Оросууд байх үед далан байсан боловч өнөөдөр усан хөшиг байхгүй, мэргэжлийн хяналт хяналтаа тавьж чадахгүйгээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа гэнэ.

Ажилтай орлоготой монгол хүн

 Багануурт хот тохижилтод чиглэгдсэн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Төрөл бүрийн хөшөө барих, талбай, усан оргилуур байгуулах зэрэгт энэ жил л гэхэд төсөв, төслийн хөрөнгөөр 8.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин иргэнээ ажилтай орлоготой болгох чиглэлээр ажил хийгдэхгүй байгаад иргэд бухимдалтай байна. Энэ нь ч үнэний ортой бололтой. Хот тохижилтод 8.4 тэрбумыг зарцуулсан хэрнээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 100 гаруйхан сая төгрөг зарцуулжээ. Үүний улмаас тэр үү хувийн салбарын хөгжил Багануурт нэлээд сул үзүүлэлттэй аж. Түүнчлэн ихэнх эрчүүд нь уурхайд ажилладаг, эмэгтэйчүүд ажилгүй байх нь элбэг учраас хөнгөн үйлдвэр хөгжүүлэхэд бодлогоор анхаарах хэрэгтэй болсныг дуулгаж байв. 

Мөн Багануурын уурхайн орлогын 80 хувь нь улсын төсөвт, 10 нь нийслэлийн төсөвт ордог. Харин үлдсэн 10 хувь нь татаас байдлаар Багануурт ирдэг. Тиймээс Багануурыг хотын статустай болгож, эрх мэдлийг орон нутагт нь олговол хөгжих боломж байна гэдгийг иргэд хөндөж байсан.

Эндээс дүгнэхэд төрийн бодлого иргэн хүндээ хүрэхгүй байгаа бодит жишээг Багануураас харж болохоор байна. Харин ачааллаа даахаа болиод байгаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цаашилбал Багануурчуудын эрх ашгийн үүднээс Багануурыг бие даасан хот болгож хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр “Налайх, Багануураас Улаанбаатар хүртэл хурдны галт тэрэг тавьж менежментийг нь хийвэл 30 минутын дотор эндээс хүмүүс ажилдаа яваад байж болно. Улсын нийслэл соёл урлаг, эдийн засгийн хот байх ёстой байхад өнөөдөр хувийн наймааны сэтгэлгээгээр хандсан дарга нарын харалган бодлогоор хүн ам хэт нягтарсан. Хүн амын нягтрал нэмэгдэх тусам газар, утаа, хөрөнгө оруулалтаар мөнгө идэж уудаг хүмүүст ашигтай болж байна. Тиймээс Улаанбаатарын дагуул хотуудыг тусад нь хөгжүүлэх, тэр дундаа Багануурыг эрчим хүчний, үйлдвэржсэн хот болгон хөгжүүлэхийн төлөө бид ажиллах ёстой. Эрчим хүчний тавдахь эх үүсвэрийг Багануурт барих гээд найман жилийн нүүр үзлээ. Өнөөдөр тэр станцыг хотод хятадуудаар бариулах л лобби явж байна. Ийм утга учиргүй, хувийн наймааны сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хэтийн хөгжлийн төлвийг нь харах ёстой, хийх ч ёстой” гэж ярьсанчлан иргэд ч хотын статусыг салбар хэлэлцүүлэг бүрт хөндөж байв. Энэ мэтчилэн нийслэлээс алслагдсан дүүргийн иргэний амьдрал төвөөс алслагдсан баруун аймгуудынхаас ч илүү хүндрэл, чирэгдэлтэй байгаа нь “Монгол хүн 2020”-ын ажлын хэсгийнхний анхаарлын төвд байлаа. 

З.ОРГИЛ

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж