Д.Рамсфельд монгол залуусыг урина

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Д.Рамсфельд монгол залуусыг урина

Хувийн урилгаар Монголд айлчилсан
АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Хенри Рамсфельдийг Монгол
Улс дахь Америкийн Худалдааны танхимд хүлээн авч уулзжээ.  Хүлээн
авалтын үеэр Д.Рамсфель хэлсэн үгэндээ АНУ, Монгол Улсын харилцааг
бэхжүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Төр засгийн зүтгэлтнүүд,
бизнесийн салбарын төлөөлөгчдөд хандаж ноён Д.Рамсфельд “Монгол Улс
өнгөрсөн 20 жилд улс төр, эдийн засгийн эрх чөлөөний үнэ цэнэ, ач
холбогдлыг нотлон харуулж чадсан. Тус улс нь Төв Азид эрх чөлөөг
бататгах үйлсийг тэргүүлсээр ирсэн. Ирэх он жилүүдэд АНУ, Монгол Улс
зэвсэгт хүчин, худалдаа, улс төрийн харилцаа холбоогоо улам бүр
бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. Тэрбээр
Төв Азийн орнуудаас өсөх ирээдүйтэй залуу мэргэжилтнүүд, эрдэмтэд,
төрийн албан хаагчдыг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо  “Рамсфельдийн
сан””-гаас зохион байгуулдаг зургаан долоо хоногийн хөтөлбөрт хамруулдаг
талаар ярьсан байна. Хүлээн авалтад 70 гаруй хүн оролцсоны дотор УИХ-ын
зарим гишүүн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Вагнер Азиа
компанийн ерөнхий захирал Стив Поттер нарын зочид байжээ.  

Ноён Рамсфельд АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар хоёр удаа ажиллаж
байсан, энэ албыг хамгийн залуу болон хамгийн өндөр насандаа хашсан хүн
хэмээн Google сайтад тэмдэглэжээ. Тэрбээр терроризмын эсрэг АНУ
тэргүүтэй олон улсын тэмцэлд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулсанд
талархал илэрхийлэхээр, мөн АНУ, Монгол Улсын харилцааг цаашид бэхжүүлэх
үйл хэргийг дэмжих зорилгоор Монголд айлчисан байна. Ноён Д.Рамсфельд
“Монгол Улс нь Ирак, Афганистанд энхийг сахиулагчдаа илгээж, терроризмын
эсрэг үйл ажиллагаанд нэгдсэн явдал нь Монголын төр засаг, ард түмний
зоримог, шийдэмгий байр суурийг илтгэн харуулсан” гэж хэлжээ.

Түүний нэрэмжит “Рамсфельд сан” нь Монгол Улсын өсөх ирээдүйтэй залуу
мэргэжилтнүүдийг АНУ-ын нийслэл Вашингтон хотод болдог сургалт
судалгааны  зургаан долоо хоногийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар
ажиллаж байгаа тухай ноён Д.Рамсфельд мөн дурджээ. Тэрбээр “Манай эхнэр
Жойс бид хоёр Монгол болон Төв Азийн улс орнуудаас залуу манлайлагчдыг
АНУ-д урьж Америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзуулж, тэднээс
суралцах боломж олгож байгаадаа туйлын баяртай байдаг” хэмээн онцлон
тэмдэглэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж