“Биокомбинат”-ынхан Байнгын хорооны гишүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Биокомбинат”-ынхан Байнгын хорооны гишүүдтэй уулзав

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхон өнөөдөр “Биокомбинат” үйлдвэрийн газрын ерөнхий технологич Ц.Өлзийтогтох, Судалгааны лабораторийн эрхлэгч Б.Энхбаатар, Чанарын лабораторийн эрхлэгч Ж.Ганбат нарыг хүлээн авч уулзлаа. Тэд “Биокомбинат”-ын захирлаар томилогдон ажиллаж буй Б.Баттогтохыг хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа талаараа тайлбарлав. Тус үйлдвэрийнхэн өнгөрсөн зун Төрийн өмчийн хорооны даргад хандан Б.Баттогтохыг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүссэн байна. Гэвч асуудлыг хэлэлцээгүй. Арга ядаад таван өдрийн турш суулт зарласнаар Төрийн өмчийн хорооныхон  асуудлыг хэлэлцэж, холбогдох бүхий л газраас төлөөлөл оролцуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан “Биокомбинат” дээр ажиллуулсан байна. Улмаар ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаж, Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн ч өнөөг хүртэл түүнийг нь хэлэлцээгүй аж. Био комбинатын Судалгааны лабораторийн эрхлэгч Б.Энхбаатарын хэлснээр бол дээрх дүгнэлтэд “Б.Баттогтох нь үндэслэлгүйгээр нэр бүхий хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, 284 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тендэр зарлалгүйгээр шууд худалдан авсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ” гэж гарчээ. Гэвч ямар шалтгаанаар Төрийн өмчийн хороо энэхүү дүгнэлтийг авч хэлэлцэж, зохих шийдвэрээ гаргахгүй байгаад эдгээр эрхмүүд гайхаж буйгээ энэ үеэр мэдэгдлээ.

Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “УИХ бол баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ дагуу та бүхнийг хүлээж авч уулзаж, санал бодлыг сонслоо. Ярианаас тань хэд, хэдэн хууль зөрчсөн үйлдлийг Б.Баттогтох захирал хийжээ гэж ойлголоо. Гэхдээ бид нөгөө талаас байр суурийг нь сонсоно. Хоёр талаас байр суурь сонсож байж үнэн мөнийг олж, Засгийн газарт асуудлыг тавих болно гэсэн юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж