Д.Бямбадорж “Strong open”-ы аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Д.Бямбадорж “Strong open”-ы аварга боллоо

Монголын кикбокс, каратэгийн спортын хошой аварга Д.Бямбадорж Японы Токио хотноо энэ сарын 10-нд болсон шидокан каратэгийн “Strong open shidokan karate” тэмцээний аварга болж, мөн шилдэг тамирчнаар шалгарчээ. Япон улсын каратэгийн аварга, Азийн аварга, 2004 оны “Дэлхийн цом”-ын аварга, Мутай боксын Тайландын эзэн хааны цомын аварга гээд тулааны спортоор тив, дэлхийн тавцанд өндөр амжилт гаргаж байсан тэрбээр “Strong open shidokan karate” тэмцээний хоёр төрөлд хүч сорьж, хоёуланд нь финалд шалгарчээ. Тус тэмцээн glow karate болон full contact karate гэсэн хоёр төрлөөр, -65, 65-75, +75 кг гэсэн гурван жингийн ангилалд зохиогдсон байна.

Д.Бямбадоржийн тухайд 65-75 кг-ын жингийн ангилалд тулалдаж, full contact karate-гийн төрөлд аваргалж, glow karate-гийн төрөлд финалын тулаанд ялагдал хүлээснээр хоёрдугаар байрт шалгарчээ. Дээрх хоёр төрөлд түүний өрсөлдсөн жинд нийт 36 тамирчин байсан бөгөөд Д.Бямбадорж тэмцээнд оролцсон 13 орны тамирчдаас ганцаараа хоёр төрөлд өрсөлдөж, өндөр амжилт гаргаснаар “Strong open shidokan karate” тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан байна. Мөн тэмцээний үеэр Д.Бямбадорж каратэгийн хар бүс, IV дангийн шалгалт өгч тэнцсэн гэнэ.

“Strong open shidokan karate” тэмцээн нь жил бүр болдог бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдад оны сүүлээр болох шилдгүүдийн халз тулаанд оролцох эрх олгодог ажээ. Тиймээс Д.Бямбадорж ирэх арванхоёрдугаар сард Америкт болох дэлхийн шилдэг найман тамирчин оролцох өндөр бооцоотой тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж