Шонхроор эдийн засгаа тэтгэж, амьтныг үл хайхрах уу?

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Шонхроор эдийн засгаа тэтгэж, амьтныг үл хайхрах уу?

Манай улс эдийн засгийн орлогынхоо багагүй хувийг шонхор шувууны
экспортоос олдог. Монгол оронд нийт 6830 идлэг шонхор шувуу байдаг гэсэн
тоо байдаг. Энэ нь дэлхий дээрх идлэг шонхор шувууний 45 хувь нь юм
байна. 2000-2010 онд нийт 2751 толгой идлэг шонхор экспортолсон нь улсын
төсөвт 18.4 сая ам.доллар төвлөрүүлжээ. Манай улс нэг идлэг шонхорыг
11мянган 760 ам доллараар экспортолдог аж. Одоогоор Байгаль орчин аялал
жуулчлалын яам идлэг шонхор шувууг Кувейт, Катар, Саудын Араб, Арабын
нэгдсэн Эмират улсад дээрх мөнгөн дүнгээр  экспортолдог байна. Эдгээр
улсыг  манай улс идлэг шонхор авах эрхтэй дээд хэмжээний төлөөлөгчид
гэдэг бөгөөд энэ онд 203 идлэг шонхор худалдаалахаар нийт 10 гэрээ
байгуулсан байна. Уг шувууны тоо толгой цөөрч байгаа талаар сүүлийн үед
хэвлэл болон олон нийтийн дунд нэлээд хэл ам дагуулах болсон. Үүнээс
болж салбарынх нь сайд Л.Гансүх идлэг шонхор шувууг экспортлохыг хоёр
жилээр хорих тухай хууль санаачилахад Засгийн газраас дэмжээгүй аж.
Одоохондоо идлэг шонхорыг ховордож болзошгүй амьтны тоонд ороогүй хэмээн
үзсэн бололтой. Олон улсад ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. “Зэрлэг амьтан
ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах
тухай конвенцид 2011 онд Монгол Улсаас 300 хүртэл тооны идлэг шонхор
барьж, экспортолж болно” хэмээн зөвшөөрчээ.  Тухайлбал, Арабын
санхүүжилтээр гурван жилийн өмнө “Хиймэл үүр” төслийг тал хээр, говийн
бүсийн таван аймгийн 26 суманд хэрэгжүүлснээр бүрэн гүйцэд бойждоггүй
байсан идлэг шонхорын ангаахайнуудыг аврах боломж бүрджээ.

Дашрамд тэмдэглэхэд энэ онд улсын төсөвт шонхор шувууны худалдаанаас 2.3 сая ам.долларын орлого орох нь ээ.


Монголын жигүүртэн амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүн, Баян-Өлгийн
аймгийн иргэн, шонхор судлаач У.Ардабектай шонхор шувууны талаар
ярилцлаа.

    
-Идлэг шонхорыг хэзээнээс эхэлж сурган, ан хийлгэдэг болсон юм бэ?

-Шонхор шувууг сурган, ан авд ашиглаж байсан уламжлалт үеийн оргил нь
XII-XIII зуунд байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ бас
баталгаатай эсэх дээр эргэлзээтэй.

-Шонхор шувуу нь бусад махчин шувуунаас юугаараа ялгаатай юм бэ. Ямар шалтгаанаар энэ шувуу их үнэд хүрдэг юм бол?

-Энэ шувуу нь бусад шувууг бодвол зоригтой, хайр сэтгэлдээ үнэнч амьтан.
Бүх л насан туршдаа нэг л шонхорт үнэнч байдаг онцлогтой.  Шонхор
шувууны эм нь эрээсээ илүү зоригтой тул ангаа эхэлж эм нь довтолдог.
Шонхор шувууны эр нь цагт 300 километр зайг туулах чадвартай.


-Арабууд идлэг шонхор барих тусгай зөвшөөрөлтэй байдаг юм билээ?

-Шонхор шувуу нь нүүдлийн махчин шувуу тул барихад асуудалтай. Гэхдээ
зулзган шонхорыг дэгдээхэй байхаас нь тэжээх нь илүү сайн байдаг.  Энэ
нь эзэндээ үнэнч байлгах хамгийн сайн арга. Нэг шонхорыг барихын тулд
5-7 ширхэг тагтааг золиосолдог. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий, Увс, Алтайн
нурууны зарим аймгуудаас хот руу хүмүүс ирж тагтаа худалдан авах
шаардлага гарсан. Миний мэдэхийн нэг тагтааг 500 төгрөгөөр авдаг байсан
бол сүүлд нэгийг 10 мянган төгрөгөөр авдаг болсон байна лээ. Нэг
талаасаа тагтааны тоо цөөрч байгаа нь шонхор шувууг ихээр барих
болсонтой холбоотой. Шонхорыг ихэвчлэн өгөөш өгч, тороор барьдаг.
Барьсан шонхороо задгай торонд хэд хонуулахдаа бүргэдэд өмсгөдөг
“Томога” буюу нүдний хаалтыг зүүлгэхэд ямар ч шонхор номхордог.  

-Шонхор шувуу байгальд хэр үр өгөөжтэй амьтан бэ?

-Ер нь цаашид шонхор шувуугаар бизнес хийж, бариад байх юм бол Монгол
орны байгаль экологийн байдалд сөргөөр нөлөөлөх болно. Шонхор шувуу нь
байгаль экологийн төлөв байдалд ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал,
Монгол орны хэмжээнд байгаа хээр талын бэлчээрт сөргөөр нөлөөлдөг
мэрэгчдийн тоо толгойг хянаж, тогтворжуулж байдаг үүрэгтэй.

-Энэ шувуу хэдэн төрөлтэй вэ?

-Манай улсын эрдэмтэд хоёр төрлийн шонхор байдаг гэж үздэг. Бараан болон
цайвар. Бараан өнгийн шонхор нь Алтайн нуруугаар нутагладаг бол цайвар
нь говийн бүст ихэвчлэн нутагладаг.Сүүлийн жилүүдэд өмнөх шигээ ихээр
харагдахгүй байгаа тухай судлаачид онцолж байсан. Өнгөрсөн сарын
сүүлчээр Хустайн нуруунд л гэхэд 63 амрын шонхор “Amur Falcon”, 26 зээрд
шонхор “Lesser kestrel”, 6 начин шонхор “Common kestrel” тоологдсон
байдаг юм билээ.

-Шонхор шувууг ан гөрөө хийхээс өөр зүйлд ашигладаг гэсэн. Энэ талаар ярихгүй юү?

-Зарим нэгээр нь хар тамхи зөөлгөдөг гэсэн сураг бий. Учир нь эр нь
эмийнхээ үнэрээр хаа ч байсан олоод л очдог сонин амьтан шүү дээ. Эр
шонхорын хөлөнд даах хэмжээгээр нь хар тамхиа зүүж хил нэвтрүүлдэг аргыг
ихэвчлэн пакистанчууд хэрэглэдэг гэсэн. Энэ талаар хэдэн жилийн өмнө
олон улсын гаалийн байгууллагаас манай улсад сэрэмжлүүлэг өгсөн удаа
бий. Мэдээж манай улсын хувьд тийм зүйл байхгүй.

Б.Баатар, Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж