Оюутолгойд Гүний хоолойн усны нөөцийн 25 хувийг ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойд Гүний хоолойн усны нөөцийн 25 хувийг ашиглана

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын явц өнгөрсөн есдүгээр сарын
байдлаар 50 хувьтай байгаа тухай “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн
дарга Роберт Фридланд мэдээлж байсан.

Оюутолгой төслийн хувьд урьдчилсан байдлаар 2012 оны сүүлийн хагаст
ашиглалтад орох бөгөөд бүрэн хүчин чадлаараа 2013 оны нэгдүгээр сараас
үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр хөрс хуулалтын ажил нь эхэлсэн “Өмнөд
Оюу” ил уурхайгаас эхний ээлжинд олборлолт хийх бөгөөд хоёрдугаар ээлж
буюу 2015 оноос  “Хюго Даммет” далд уурхайг ажиллуулах юм.  Уг далд
уурхай нь хоёр мянга гаруй метр гүнтэй дэлхийн хамгийн гүн уурхайн ам
болох төлөвтэй байна. Хоёрдугаар ээлжийн далд уурхай ашиглалтад орохоос
өмнө Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн зэсийн
хүдэр баяжуулах ажээ.

Харин төслийн усны эх үүсвэрийг Гүний хоолой гэх газрын гүний усаар
хангахаар төлөвлөж байгаа ажээ. Уг газар нь “Оюутолгой” төслийн
талбайгаас хойшоо 80 орчим км-ийн зайд байрлаж буй. Гүний хоолойгоос
“Оюутолгой” руу ус татах хоолойг тавих ажил бараг дуусч буй тухай
“Оюутолгой” компанийн Засгийн газартай харилцах ажилтан Б.Өнөболд
ярилаа. Түүний мэдээлснээр, Гүний хоолойн усны эх үүсвэр нь 6800 сая м3
нөөцтэй бөгөөд төслийн хүрээнд уг нөөцийн 25 хувийг ашиглах ажээ.
Оюутолгой төслийн үйл ажиллагаанд зарцуулах усны 70 хувийг нь эргэн
ашиглах юм байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж