
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж, “Хос мастер” клубээс зөвхөн эмэгтэй шатарчдын тэмцээнийг 7, 8-ны өдрүүдэд “Засагтхан” дээд сургуулийн байранд зохион байгууллаа. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах тус тэмцээн А, В гэсэн хоёр ангиллаар зохиогдсон бөгөөд А ангилалд 35-аас доош, харин В ангилалд 35-аас дээш насныхан оюун ухаанаа сорин, өрсөлдсөн юм. “Хос мастер” клубын нэрэмжит анхдугаар тэмцээнд нийт 31 шатарчин оролцсоноос А ангилалд 20, харин В ангилалд 11 шатарчин өрсөлджээ. Өсвөрийн залуу шатарчнаас эхлээд их мастер цолтон оролцсон тус тэмцээний хамгийн бяцхан оролцогч нь 10 настай н.Оюун-Эрдэнэ охин байсан бол хамгийн ахмад нь 81 настай, Монгол Улсын анхны эмэгтэй аварга н.Бямбаа байлаа. Тэмцээний дүн гарахад А ангилалд ОУХМ А.Энхтуул түрүүлсэн бол их мастер Т.Батчимэг, ОУХМ Д.Баярмаа нар удаахь байрт шалгарчээ. Харин В ангилалд “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш н.Сэржмядаг түрүүлж, хоёр, гуравдугаар байрт цагдаагийн хурандаа н.Хишигбаяр, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй н.Батцэнгэл нар шалгарсан байна. Түүнчлэн тэмцээний хамгийн бяцхан болон хамгийн ахмад оролцогч, мөн “Хос мастер” клубын шатарчин, ОУХМ У.Лхамсүрэн нарт хүндэтгэл үзүүлж, бэлэг гардуулжээ.
С.Цэлмэг