
Шигшээ багийн тамирчдын тухайд 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эрдэнэтэд бэлтгэлд гарсан бөгөөд одоогоор МҮОХ-ны зочид буудалд байрлаж, тоглолтын бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Харин шийдвэрлэх тулааны өмнө шигшээ багийн тамирчид төдийгүй хөгжөөн дэмжигчдийн хувьд ч таатай мэдээ дуулгасан нь “Дельта сервис” компаниас МХБХ-той хамтран ажиллахаар болж, “дараагийн шатанд шалгарвал” гэсэн болзолтойгоор шигшээ багийн тамирчдыг шагнаж, урамшуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгчид талбайдаа хийх тоглолтдоо өрсөлдөгчөө хожиж, “Challenge Cup-2012” тэмцээнд оролцох эрхээ авбал тоглогч тус бүрийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулахаар болсон байна. Түүнчлэн гоол бүрийг нэг сая төгрөгөөр, дээр нь шилдэг тоглогчийг мөн нэг сая төгрөгөөр урамшуулах ажээ. Энэ талаар өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд хурлын үеэр МХБХ-г төлөөлж Хөгжлийн хөтөлбөрийн захирал н.Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар, харин “Дельта сервис” компанийг төлөөлөн тус компанийн гүйцэтгэх захирал С.Даваахүү, маркетингийн албаны дарга н.Цолмон нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Монгол болон Филиппиний шигшээ багийн тоглолт энэ сарын 15-ны 13.00 цагаас 3000 хүний суудалтай хөлбөмбөгийн ногоон талбайд эхэлнэ. Филиппиний багийн тухайд энэ сарын 13-нд манай улсад хөл тавихаар урьдчилсан байдлаар мэдэгдээд байгаа юм. Тэд Улаанбаатар хотноо Palace зочид буудалд байрлах бөгөөд Монголд байх хугацаанд гарах бүх зардлыг МХБХ-ноос бүрэн хариуцах учиртай. Дашрамд дурдахад, Монгол болон Филиппиний шигшээ багийн тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй. Тус тоглолтыг С1 телевиз шууд дамжуулан үзүүлэх ажээ.