“Нэг цэгийн үйлчилгээ”

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Нэг цэгийн үйлчилгээ”

Манай улс нийслэлдээ цөөхөн хэдэн спортын барилга байгууламжтай. Спортын төв ордон, “Буянт ухаа” спорт цогцолбор, Бөхийн өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хөлбөмбөгийн холбооны талбай гээд тавхан спортын гэх барилга байгууламжтай. Үүний нэг бол 1953 онд ашиглалтад орсон, өдгөө 58 жилийн турш Монгол улсад зохиогдсон гадаад, дотоодын томоохон уралдаан тэмцээний түүхэн гэрч болсон Спортын ордон билээ. Агааржуулалтын системгүй, уралдаан тэмцээн зохиоход стандартын шаардлага хангахгүй болсон, хэтэрхий хуучирсан тул нурааж оронд нь шинэ ордон барина гэдэг ч олон хүний эсэргүүцэлтэй тулж хэвээр үлдсэн. Харин бүрэн засвар хийхийн тулд нэг тэрбум төгрөг хэрэгтэй гэж үздэг. Энэхүү ордонд спортын холбоо, хороод байрлая, түрээслэдэг бол мөнгө төгрөгийг нь төлье гэсэн санал тавьдаг ч зай талбай нь “чухал” байгууллагуудаар дүүрсэн тул татгалзсан хариу сонсдог гэнэ. Саяхан Монголын Паралимпийн хороо Спортын төв ордондоо оффисийн өрөөтэй болжээ. Монголын Паралимпчид дэлхийн тавцанд нэртэй. Бидний ярих дуртай 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль эх орондоо авчирсан гэдгийг бүгд мэднэ. Одоо л дөнгөж “чухал”-уудын эгнээнд багтжээ. Удахгүй олон холбоо, хороо “чухал”-д тооцогдон, төв ордондоо ирнэ биз ээ.

Харин одоогийн ордон спортод хэрэгтэй  гэх зүйлээр бүрэн хангагдаж, “нэг цэгийн үйлчилгээ” төвлөрсөн газар болжээ. Шүдний хувийн эмнэлэг, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, нотариат, хэвлэлийн үйлдвэр, харуул хамгаалалтын алба, спорт хувцасны дэлгүүр гээд арав шахам байгууллага Монголын спортын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бололтой. Яагаад эдгээр байгууллага Монголын спортод хэрэгтэй гэдгийг сайн талаас нь төсөөлөх гээд оролдъё.  

Тамирчид дэлгүүр хэсч, бэлтгэл сургуулилтын цагаа үрнэ. Үүнийг ордны нэг давхрын “Адидас” дэлгүүр шийджээ. Тамирчид энэ дэлгүүрээс спортын хувцас хэрэглэлээ базаана.   Орчин үеийн спорт гэдэг шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Тамирчдын эрүүл мэнд гэдэг эн тэргүүнд тавигдаж, спортын анагаах ухаан чухал байр суурьтай эзлэнэ. Тэгвэл манай Спортын анагаах ухааны төв “Олимпийн хороо”-ны дэргэд бий. Харин Спортын ордны удирдлагууд тамирчдын шүдэнд нь гол анхаарлаа хандуулан, шүдний хувийн эмнэлэгтэй байх жишээтэй. Гадаадын уралдаан тэмцээнд оролцоход хэлний асуудал гардаг бололтой. Үүнд онцгой анхаарал хандуулан, хоёр давхартаа “Kings kids” гээд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль оруулжээ. Гүнзгийрүүлсэн сургалтдаа суучихаад л “Хааны хүүхдүүд” гээд сургуулийнхаа нэрийг хүртэл орчуулж, уншаад л гадагшаа тэмцээнд явдаг байх нь. Ингээд гадаад хэлний асуудал шийдэгдэн, “окей” болжээ. Монголын “од” тамирчдыг харах, цаашлаад гарын үсгийг авахаар иргэд олноороо цугларч, эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл харуул хамгаалалтын томоохон албыг ордонд байрлуулснаар нэг мөр шийджээ. Одоо тамирчид айх аюулгүй амар тайван бэлтгэл сургуулилтаа хийж, амжилтын төлөө тэмүүлдэг болжээ. Спортын төв ордонд олон “чухал” байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа тул бичиг цаасны ажил ч их гарна. Гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцоход тухайн тамирчдын бичиг баримтыг гэрчлэх нотариат хэрэгтэй. Олон тамирчдын анкетаас авхуулаад бичиг хэргийн ажил их. Тиймээс ч хэвлэлийн үйлдвэртэй ажилладаг бололтой.

Эдгээр “чухал” байгууллагууд бүгд Спортын ордныг түрээслэдэг. Хэдэн төгрөгөөр яаж түрээслэдгээ нууцлана. Учир мэдэх хүмүүс зарим хэсгийг нь худалдаад авчихсан талаар ч ярилцана. Спортын ордон төрийн мэдэлд байдаг. Түрээслэх асуудлыг нь Төрийн өмчийн хороо шийддэг гэнэ. Хамгийн сүүлд Засгийн газрын тогтоол гарч, “Буянт ухаа” шинэ спорт цогцолборыг ашгийн төлөө байгууллага болгожээ. Мөн л түрээсийн барилга нэгээр нэмэгджээ. Одоо шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийхдээ цагаар нь мөнгө төлнө гэсэн үг.  

Ийнхүү Монгол Улсын төр засаг Спортын төв ордонд “нэг цэгийн үйлчилгээ”-г цогцлоон, шинэ ордноо ашгийн төлөө байгууллага болгоод, 2012 оны Лондогийн олимп, бүр цаашлаад дараа дараагийн олимпуудаас алтан медаль авахын төлөө зүтгэж байна даа…

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж