Баруун Цанхийн хэлэлцээр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.16-нд нийтлэгдсэн

Баруун Цанхийн хэлэлцээр үргэлжилнэ

Засгийн газрын Ажлын хэсэг энэ долоо хоногт Тавантолгой ордын баруун Цанхийн хэлэлцээрт оролцож буй компаниудын төлөөлөлтэй дахин уулзах гэж байна. Даваа гаригт хийхээр төлөвлөсөн уулзалт 1-2 өдрөөр ялимгүй хойшилж байгаа бөгөөд ОХУ-ын төлөөлөгчдийн ирэх хугацаа өөрчлөгдсөн бололтой.

Энэ удаагийн хэлэлцээрийн онцлог нь Япон, БНСУ-ын компаниудын төлөөлөл хэлэлцээрт орж болзошгүй хэмээн албаны эх сурвалж өгүүлсэн юм. Хятад, Орос, Америкийн компаниуд Тавантолгой ордын баруун Цанхийн хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн ба эдгээр томчууд Япон, Солонгосын оролцоо зайлшгүй байх ёстой талаарх Монголын талын шаардлагыг хүлээн авахаас аргагүй юм.
Түүнчлэн хэлэлцээрийн явцад нөлөөлөхүйц томоохон үйл явдал Германы Канцлер Ангела Меркелийн Монголд хийсэн арван долоон цагийн айлчлалын хүрээнд өрнөсөн билээ. Зүүн Цанхид таван жил олборлолт хийх оператор компанийн эрхийг Герман ба Австралийн компаниудын нэгдэлд олгох гэрээнд “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал Б. Энэбиш гарын үсэг зурсан. Улмаар зүүн Цанхид Германы өндөр технологийн компаниуд тоног төхөөрөмжөө нийлүүлэхээр ажил хэрэг нэн хурдтай өрнөөд эхэлсэн ийм үед Тавантолгой ордыг хуваалгүйгээр цогцоор нь ашиглах шаардлага тавьдаг УИХ-ын гишүүд одоо ямар байр суурь илэрхийлэх нь сонирхолтой юм.

Б. Алисиа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж