Хааны үеэс гурав дахь хөршийг хайжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.16-нд нийтлэгдсэн

Хааны үеэс гурав дахь хөршийг хайжээ

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх, түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр нэгэн сонирхолтой ном туурвиж уншигч олны хүртээл болгожээ. ”Богд хаант Монгол Улс гуравдахь хөршийн эрэлд”  гэсэн энэ номд одоо бидний хэрэглэдэг гурав дахь хөрш гэдэг ойлголт эрт дээрээс улбаатайг харуулсан байна.

Монгол Улс тусгаар тогтнолоо бусад их гүрнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1910-аад оны эхний хагасын үед хийсэн алхмуудыг зохиогч орос, япон, хятад хэл дээрх архивын эх сурвалжид тулгуурлан бичжээ.
 
Англи, Франц, Герман, Япон зэрэг есөн орны Элчин нарт Харбинаар дамжуулан ноот бичиг илгээсэн тухай, чин ван Ханддорж нарын Петербургт гадаадын элчин сайд нартай уулзахыг эрмэлзсэн, 1913 оны эхээр да лам Цэрэнчимэд нарыг Японд илгээхийг завдсан, 1913-14 оны заагаар Сайн ноён хан Намнансүрэн Петербургт очиж хаант Оросын Засгийн газартай хэлэлцээ хийсэн зэрэг сонирхолтой үйл явдлыг энэ номд баримтад тулгуурлан өгүүлжээ. Оросын Петербург дэх их гүрнүүдийн ЭСЯ-тай холбоо тогтоох, Европын хэд хэдэн орноор зорчих тухай болон Петербург дэх Англи, Франц, Герман, Япон, Америк, Итали зэрэг найман гүрний Элчинд Орос, Хятад хоёр улсын тунхаг бичгийн талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илтгэсэн нэгэн ижил захидлыг хүргүүлж, 1914 онд Японы эзэн хаанд Монгол Улсын эзэн хаан захидал илгээн, Монгол Улсын Засгийн газар 1914 оны хавар Бээжинд суугаа Англи, Франц, Америк, Германы ЭСЯ-дад албан захидлыг англи орчуулгын хамт хүргүүлэх зэрэг алхам хийсэн нь  дэлхий нийтийн анхааралд хүрч, Английн парламентаар хэлэлцэгдэж байсан гээд тэр бүр олны мэддэггүй  дипломат харилцааны олон сонирхолтой баримтыг энэ номоос уншиж болох ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж