
Энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, багийн цохилтын төрөлөөр, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, багийн талбайн цохилтын төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Манай эрэгтэй тамирчид тэмцээний 12 хаалга бүхий 4 талбайд хоёр өдөр тоглосон ба “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан Г.Сугарбаяр, М.Түвшинтунгалаг нар талбайн цохилтын эрэгтэй хосын төрөлд амжилттай оролцон гуравдугаар байр эзэлсэн юм. Тэмцээнд оролцсон тамирчид өөрсдийн хувийн дээд амжилтаа ахиулан, ур чадвараа дээшлүүлэн, тоглолтын хувийн арга барилаа гадаадын шилдэг тамирчидтай харьцуулан үзэх бололцоо олдон, тэднээс ихээхэн зүйлийг сурч, туршлага судлав. Олон улсын сертификат олгох гурав хоногийн дасгалжуулагчийн семинар 10 сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд түүнд ХААИС-ийн багш Ж.Загас, “Мон-Алтиус” БТДС-ийн багш М.Ганболд нар оролцож байна. Манай баг тамирчдын эхний ээлж өчигдөр “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд буусан бол дараагийн ээлж маргааш ирнэ гэж Монголын модон бөмбөгийн холбооноос мэдээллээ.