“Богд хаант Монгол Улс гурав дахь хөршийн эрэлд”

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

“Богд хаант Монгол Улс гурав дахь хөршийн эрэлд”

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх, түүхийн шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаяр Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн
ойд зориулан ”Богд хаант Монгол Улс гуравдахь хөршийн эрэлд”  номоо олны
хүртээл болгов.

Монгол Улсын гадаад харилцааны нэгэн чухал үеийн түүхийг дэлгэн харуулсан энэхүү номд Монгол Улс тусгаар тогтнолоо бусад их гүрнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1910-аад оны эхний хагаст хийсэн алхмуудыг орос, япон, хятад хэл дээрх архивын эх сурвалжид тулгуурлан бичжээ.
 
Энэхүү номд Англи, Франц, Герман, Япон зэрэг есөн орны элчин нарт Харбинаар дамжуулан ноот бичиг илгээсэн, чин ван Ханддорж нарын Петербургт гадаадын элчин сайд нартай уулзахыг эрмэлзсэн, 1913 оны эхээр даа лам Цэрэнчимэд нарыг Японд илгээхийг завдсан, 1913-14 оны заагаар Сайн ноён хан Намнансүрэн Петербургт очиж хаант Оросын засгийн газартай хэлэлцээ хийсэн зэрэг үйл явдлыг баримтад тулгуурлан харуулжээ.

Мөн Петербург дэх бусад их гүрнүүдийн ЭСЯ-тай холбоо тогтоох, Европын хэд хэдэн орноор зорчих тухай болон Петербургт суугаа Англи, Франц, Герман, Япон, Америк, Итали зэрэг 8 гүрний элчин нарт Орос, Хятад хоёр улсын тунхаг бичгийн талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илтгэсэн нэгэн ижил захидлыг хүргүүлж, 1914 онд Японы эзэн хаанд Монгол Улсын эзэн хаан захидал илгээн, Монгол Улсын Засгийн газар 1914 оны хавар Бээжинд суугаа Англи, Франц, Америк, Герман зэрэг 4 орны ЭСЯ-дад албан захидал англи орчуулгын хамт хүргүүлэх зэрэг алхмууд хийсэн нь  дэлхий нийтийн анхааралд хүрч, Английн парламентэд хүртэл яригдаж байсан байна.

Богд хаант Монгол Улсын гадаад, дотоод байдал өрнөдийн орнуудын дипломат, албан, бизнес, сонин сэтгүүлийн хүмүүсийн анхаарлыг татаж байсан бөгөөд Монгол улс ч гадаад орон зайгаа тэлэх, гадаад харилцаандаа Орос, Хятадаас гадна гуравдагч нөлөө бүхий гүрнийг татан оролцуулахыг зорьж байсан талаар энэхүү номонд өгүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж