“Их 20” өрийн хямралаас гарах гарц хайв

Хуучирсан мэдээ: 2011.10.15-нд нийтлэгдсэн

“Их 20” өрийн хямралаас гарах гарц хайв

“Их 20”-ийн улс орнуудын сангийн сайд нар Парис хотноо чуулж, Евро бүсийн орнуудын өрийн хямралын асуудлыг хэлэлцэж байна. Европын олон орныг хамарсан, цаашлаад АНУ, Азийн эдийн засагт нөлөөлж болзошгүй өрийн хямралыг арилгахад Олон улсын валютын сангаас олгож буй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал чуулганы халуухан сэдвийн нэг болоод байна. Харин АНУ энэ асуудалд сөрөг байр суурьтай байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркел нар утсаар холбогдож, өрийн хямралын асуудлын талаар санал бодлоо солилцсон гэнэ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар Барак Обама Евро бүсийн орнуудын өрийн хямрал тус улсын эдийн засагт эрсдэл учруулахад ойрхон байгаа тухай болон ирэх сарын эхээр Канн хотод болох “Их-20”-ийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Өрийн хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн Грек улс хэлэлцээний анхаарлын төвд байгаа бөгөөд Евро бүсийн Испани, Итали зэрэг орны гадаад өрийн асуудал тус бүсийн сангийн сайд нарын санааг зовоож байгаа юм.

Евро бүсийн өрийн хямралыг арилгахын тулд “Их 20”-ийн орнууд ОУВС-д 350 тэрбум еврогийн тусламж олгохоор болсон талаар “Reuters” мэдээлсэн юм. Евро бүсийн бус орнуудын сангийн сайд нар Европын лидерүүдээс тус бүсийг бүхэлд нь цочроож буй өрийн хямралыг арилгахад яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Харин ажиглагчдын таамаглаж буйгаар энэ сарын 23-нд болох Европын холбооны лидерүүдийн уулзалтаас нааш өрийн хямралын асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй бололтой.

Евро бүсийн орнуудын сангийн сайд нар Европын санхүүгийн тогтвортой байдлын сан бүрдүүлэхэд голлон анхаарч байгаа билээ. Санхүүгийн тогтвортой байдлын сан байгуулснаар хямрал нүүрлэсэн оронд сангаас зээл олгох замаар хямралыг арилгана гэж үзэж байгаа юм. Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо сангийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэл хийхдээ “Европын санхүүгийн тогтвортой байдлын санг байгуулах, банкны тогтолцоог сайжруулах ямар ч арга хэмжээ байсан аль болох яаралтай шийдвэр гаргах нь чухал байна” гэжээ. 

ОУВС, Европын төв банкны шинжээчид Грекийн өрийн хямралын бодит нөхцөл байдалтай танилцсаны дараа ирэх арваннэгдүгээр сард тус улсад хоёр дахь удаа санхүүгийн тусламж болгож найман тэрбум еврогийн зээл олгохоор болжээ. Евробүсийн орнууд хэдэн сарын турш зээл олгох асуудлыг хэлэлцэж, Грект үүнийг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн одоо хэр нь үргэлжилж байгаа ч тус улсыг өрийн хямралаас гарахад туслах зээл ийнхүү шийдэгдэж байгаа бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж