“Намын даргыг түдгэлзүүлэх эрхтэй болсон”

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Намын даргыг түдгэлзүүлэх эрхтэй болсон”

Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга С.Маам, Д.Батбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Наранбаатар нарын өргөдлийг Дээд шүүх  өнөөдөр хянан хэлэлцсэн юм. Хуралдаанаас өнгөрсөн наймдугаар  сарын 28-ны өдөр хуралдсан тус намын ээлжит их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзэн, дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн юм. Тус намын бүтэц зохион байгуулалт, дүрэмд ямар өөрчлөлт орсон талаар МНН-ын дарга С.Маамаас тодрууллаа.

-МНН-ыг улсын бүртгэлд бүртгэлээ. Танай нам дүрэмдээ чухам ямар өөрчлөлтүүд оруулав?

-Намын бэлгэдэл, тугаа өөрчиллөө. Өмнө нь МНН  гадаад, дотоод асуудал хариуцсан хоёр даргатай байсан бол есдүгээр их хурлаараа хоёр дарга нь адил тэгш эрх, үүрэгтэй байхаар  болсон. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүч гэх орон тоотой болж, шинээр хүмүүс томилоод байгаа. Үүнээс гадна намын жирийн гишүүн бүр намаас хийсэн ажлын тайлантай танилцах эрхийг нээж өглөө. Мөн 21 бага хурлын гишүүнтэй байсныг 13 болгож цөөлсөн.

-Зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлтүүд хийсэн бэ?

-МНН дөрвөн жилд нэгээс доошгүй их хурлаа хийх гэсэн заалтыг дөрвөн жилд нэг удаа хийхээр болсон, жилд хоёроос доошгүй удаа бага хурал хуралдуулдаг байсныг сард нэг удаа хуралдаж байхаар дүрэмдээ орууллаа. Хамгийн гол нь намын дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга алдаа гаргасан тохиолдолд бага хурлаараа хэлэлцэн албан тушаалыг нь түдгэлзүүлэх боломжтой болсон.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж