“Хуримтлалын тогтолцоонд шилжих нь ирээдүйтэй”

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Хуримтлалын тогтолцоонд шилжих нь ирээдүйтэй”

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг “Ярилцах танхим”-ын зочноор урьж ярилцлаа.

-Энэ парламентын сүүлчийн намрын чуулган үйл ажиллагаагаа эхлээд байна. Сонгуулийн тухай хууль, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох зэрэг яаралтай хэлэлцэх асуудал олон бий. Гэвч УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд болон хэлэлцэх асуудлын жагсаалтаас харахад амжих эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар сон­гогчид нэлээд шүүмжлэлтэй хан­даж байгаа. Та гишүүний хувьд энэ удаагийн УИХ-ын зохион байгуулалт, үүрэг хариуцлагад ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал олон байгаа нь үнэн. Гэхдээ энэ удаагийн намрын чуулганаар УИХ нэлээд үр дүнтэй ажиллаж, хэлэлцэхээр тө­лөвлөсөн асуудлуудаар шийдвэр гаргаж ам­жина гэж  би бодож байна. Тухайлбал, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэж батлах нь тодорхой. Энэ бол цаг хугацаа шаардсан  том ажил. Мөн Сонгуулийн тухай хуулийн ерөнхий чиг гарчихлаа. Энэ сардаа багтаад Сонгуулийн хуулийг баталчих болов уу гэж бодож байна. Жолоочийн хариуцлагын даат­галын хуулийг баталлаа. Зээ­лийн мэдээллийн сангийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиудыг удахгүй батална.

Газрын тухай багц хууль, Шүүхийн тухай багц хууль гээд олон том асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

-Сонгуулийн хуулийн тогтол­цооны хувьд нэлээд санал шүүм­жлэл гарч, хэд хэдэн хувилбарыг дэвшүүлсэн. УИХ дахь хоёр на­мын бүлэг зөвшилцөх гэж нэг бус удаа дараа оролдлоо. Гэвч энэ хуулийг батлагчид эргээд өөрсдөө өрсөлдөх учраас одоогийн алдаа дутагдлыг арилгана гэдэгт итгэхэд бэрх. Тухайлбал танай намын бүлгээс дэвшүүлсэн 48:28 хувилбарыг та хуульчийн зүгээс хэрхэн тайл­барлах вэ?

-Хууль батлагчид бид сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх нь үнэн. Тийм ч учраас бид хуулийн алдаа дутагдлыг засах, хэрүүл маргаангүй сонгууль хийх хамгийн сонирхолтой хүмүүс биз дээ. 48:28 гэсэн хувилбар нь нэг талаас улс төрийн намуудын төлөвшилд сайнаар нөлөөлсөн, нөгөө талаас сонгогчдын төлөөллийг хангасан, сонгуулийн дүнг зөв гаргаж, шуурхай зарлахад дөхөм болох хувилбар гэж бодож байна. Сонгуулийн тогтолцооноос гадна уг хуульд олон чухал, дэвшилттэй заалт орсныг сурталчлах хэрэгтэй байна. Сонгуулийг төрийн албан хаагчдын хүчээр зохион байгуулж, төрийн эрх барих дээд байгууллагыг эмхлэн байгуулах ажлыг улс төрийн намуудын төлөөлөл биш, төрийн төлөөлөгчид хариуцах нь том дэвшил болно. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх бололцоог нээх, тооллогыг машинаар болон гараар хийж давхар нягтлах, нэрсийн жагсаалтыг цэгцлэх гээд олон асуудал энэ хуульд тусгалаа олсон байгаа.

-Парламентыг гаднаас нь ха­рахад улстөрчид улс төрийн эрх ашигтаа нийцүүлэхийг урьтал болгоод байгаа нь илт байна. Энэ хувилбар сонгогчдын эрх ашигт хэр нийцэх бол?

-Би саяхан тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, энэ талаар санал бодлыг нь сонссон. Сонгогчид надад “Мөнх-Оргил оо, одоогийн 76 гишүүнийг 99 болгоно гэсэн асуудал байхгүй шүү” гэдгийг юуны өмнө захисан. Миний хувийн бодол ч үүнтэй нийцэж байгаа. Тиймээс 99 гишүүнтэй болох саналыг дэмжээгүй. Гарын үсгээ зураагүй. Мөн олон сонгогч “Одоогийн 76 гишүүнээ будлиангүй сонгодог баймаар байна. Гэхдээ сонгогчдоор намыг сонгуулаад, нам нь хүнээ сонгоно гэвэл ярихгүй шүү. Биднийг төлөөлж чадах, итгэсэн хүнээ сонгохыг өөрсдөө харж, бодож сонголтоо хийхийг хүсч байна. Харин цөөн хэсгийг нь намын жагсаалтаар сонгож болох юм” гэж ярьж байгаа. Манай орны онцлог байдал, улс төрийн түүх, соёлыг бодсон ч, иргэд сонгогчидтойгоо амьд хэлхээ холбоотой байхаа бодсон ч энэ нь зөв л дөө.

-Засгийн газраас Төсвийн хуу­лийн төслийг УИХ-д өргөн барихдаа Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт хийх зарим асуудлыг хамтад нь хэлэлцүүлэхээр оруулж ирсэн бай­на билээ. Та Тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсоны хувьд чухам ямар өөрчлөлт хийх талаар товч тайлбарлана уу?

-Тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг амжвал энэ намрын чуулганаар, амжихгүй бол ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах байх. Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Очирбат бид дөрөв хуулийн төслийг боловс­руулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Мөн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл ч байна. Ингээд Засгийн газраас, мөн гишүүдээс өргөн барьсан хуулиудыг нэгтгэж,  асуудлыг олон талаас  нэлээд нухацтай судалж, зөв шийдэл олно гэж бодож байна. Энд хэд хэдэн асуудал байна.  Нэгдүгээрт, нийгмийн даатгалын тогтолцоонд зарчмын, зоригтой өөрчлөлт хийж, цаашдаа бие даагаад эрүүл саруул явах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ янзаараа удаан явахгүй, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг ч дорвитой шийдэхгүй. Нийгэм, эдийн засгийн хөгжилд ч тус нэмэр болохгүй гэдэг нь ойлгомжтой. Юуны өмнө хуваарилалтын тогтолцооноос  хуримтлалын тог­толцоо руу шилжмээр байна. УИХ-ын 1999 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс тэтгэврийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт 2005 оноос эхлээд хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих, яваандаа бүтэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр тусгасан боловч одоо болтол ямар ч ажил хийгээгүй байна.

Хоёрдугаарт, Засгийн газраас санал болгож байгаа суурь тэтгэврийн асуудлыг судалж нэг тийш нь болго­моор байна. Гуравдугаарт, 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг ба­гас­гах ажлыг энэ төсвөөс эхлээд зориг­той хийгээд цаашид жил болгон итгэл­цүүрийг хөдөлгөх замаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, цалин, тэтгэвэр нэм­дэг одоогийн энэ аргыг өөрчилж, улс төр болон улс төрчдөөс ангид, бодит эдийн засгийн тоон үзүүлэлтэд суу­рилж шийддэг тогтолцоонд шилжих саналтай байна. Төсөв алдагдалгүй, эдийн засаг өсөлттэй байгаа энэ түү­хэн боломжийг ашиглаж эдгээр алхмыг цаг алдалгүй хийх нь чухал. Энэ таатай байдал хэдэн жил үр­гэлжлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжлээд, 2013 оноос хойш Хятадын эдийн засгийн өсөлт буу­рааад эхэлбэл бид бас хүнд байдалд  орохыг үгүйсгэхгүй биз дээ.

-Тэтгэврийн нэрийн дансанд ер нь мөнгө ордог юм болов уу. Зөв­хөн шинэ ажлын нэр төдий яваад байна уу гэдэг эргэлзээтэй. Үүнд ямар өөрчлөлт орох вэ?

-Нэрийн данс гэхээр хүмүүсийн дансан дээр бодит мөнгө байгаа юм шиг сонсогдоод, зарим хүн ч тэгж бодоод байгаа юм. Гэтэл энэ бол дансан дээр бичилт хийгээд л явж байгаа болохоос бодит мөнгө биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, эв санааны буюу хуваарилалтын тог­тол­цооны нэг хэлбэр, хагас ху­римт­лалын тогтолцоо руу шилжих шилжилтийн үеийн арга хэмжээ гэж ойлгож болно. Жишээ нь, та бид хоё­рын нийгмийн даатгалд төлсөн шимт­гэлийн мөнгөөр бидний аав ээж, бусад ахмадуудын тэтгэврийг өгдөг. Бидний дараах үеийн залуусын тө­лөх шимтгэлээс бидний тэтгэврийг өгнө. Тэгээд бид нарын дансан дээр бичилт хийгдэнэ. Уг нь 2005 оноос эхлээд шимтгэлийн зарим хэсгийг нь ахмадуудын тэтгэвэрт өгөөд, заримыг нь тухайн хүний дансан дээр бэлэн мөнгө болгоод хуримтлал үүсгэх ёстой байсан боловч хууль батлагдаагүй, эх үүсвэр байхгүй гээд энэ ажлыг хийгээгүй. “Шаварт суусан шарын эзэн” гэгчээр одоо энэ тухай Т.Ганди сайд, Нийгмийн даатгалын сангийнхнаас өөр ярьж байгаа хүн ч алга.

Гэтэл байдал улам л амаргүй бо­лоод байна. 1960  оноос хойш төрсөн иргэд 2015 оноос эхлээд тэтгэвэрт гарахад тэд төлсөн шимтгэлээрээ тэтгэвэр тогтоолговол манайхны тоо­цоо­гоор 20-30 хувь, Дэлхийн банк­ныхны тооцоогоор бүр 50 хүртэл хувь бага тэтгэвэртэй байхаар болж байна.  Шимтгэлийн хэмжээ бага, ца­лин, тэтгэврийн хэмжээ нь бага, гурван жилийн дундаж цалингийн өсөлтөөр хүү тооцож нэмээд байгаа ч өсөлт ерөнхийдөө л бага байгаа зэрэг олон шалтгаан энд бий. Ийм зөрүү гарсан тохиолдолд тухайн үед хууль баталж асуудлыг шийднэ гэж Үндсэн чиглэлд заасан. Мэдээж төр иргэнээ хохироохгүйн тулд төсвөөс нөхөж өгөх л байх. Гэхдээ эцэстээ төр л ачаа үүрч алдагдал хүлээх байх. Ийм алдагдал хүлээх үед бол асуудал байхгүй. Төсөвт тусгаад л явна. Бололцоогүй болоод, төсөв хүнд­рээд ирвэл яах вэ гэдгийг бодож тогтолцоогоо цэгцэлмээр байна. 1999 онд баталсан Үндсэн чиглэлээ хэрэг­жүүлж эхэлмээр байна.

-Хуваарилалтын тогтолцоо­ноос хуримтлалын тогтолцоо руу шил­жихэд тэгээд энэ олон асуудлууд шийдэгдэх үү?

-Зөв тооцоо судалгаан дээр суу­рилж, улс төрийн зоримог шийд­­вэр гаргавал олон асуудлыг шийд­­нэ гэж бодож байна. Дэлхийд ху­­ваа­­рилалтын ч, хуримтлалын ч аль аль тогтолцоо нь байна. Гэхдээ ма­найх шиг хүн ам цөөтэй, нийгмийн хамгааллын салбарт төрийн оролцоо ихтэй ийм газар хуримтлалын тог­толцоо нь илүү зохимжтой болов уу. Хэнд, юуны төлөө хэдэн төгрөг төлөөд, хэд үлдээд, яаж нэмэгдэж хасагдаж байгаагаа мэдэхгүй, мөнгө хуримтлагдахгүй бай­­­гаа болохоор хүмүүс нийгмийн даат­галын шимтгэл төлөхгүй байна. Хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн ердөө 54 хувь л тэтгэврийн даатгалт хамрагдаж байна. Энэ тоо цаашдаа ч буурах байх.

Бодит мөнгө дансанд хуримт­лаглаад, төрийн хуулиар хамгаа­лаг­даж, найдвартай өсөх нь ойл­гомжтой. Дээр нь энэ ху­римтлалын тодорхой хэсгийг эрүүл мэнд, орон сууцанд ашиглах, үр хүүхдүүд, хань ижилдээ өвлүүлэх боломж нээгдвэл хүмүүс сайн ду­раа­раа тэтгэврийн даатгалд хам­рагдах нь илүү болно гэдгийг бусад орны жишээ харуулж байна.

Мэдээж эхний ээлжинд ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр хэрэг­тэй болно л доо. Улс орнууд энэ үед тусгай шилжилтийн үеийн өрийн бичиг гаргаж санхүүжилт хийдэг юм байна. Гэхдээ энэ мөнгө нь тэтгэврийн сангаараа дамжаад буцаад эдийн засгийн эргэлтэнд ороод явдаг, санхүүгийн тогтолцооны гол ноён нуруу, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр болж тэнцвэржүүлэгчийн чухал үүрэг гүйцэтгэх ёстой юм байна. Энэ их хөрөнгийг ариг гамтай ашиглаж, найд­вартай байршуулах нь юу, юу­наас чухал учраас энэ бүгдийг хуульд нарийвчлан тусгана.  

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газ­рын гишүүд иргэдтэй уулзалт хийх үеэр тэтгэврийн зөрүүг арил­гах талаар байнга асуудаг. Тэт­гэв­рийн хэмжээг тэгшитгэж болох­гүй нь ойлгомжтой. Харин зөрүүг яаж ойртуулж болох вэ?

-Ер нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, эсвэл 1995 оноос өмнөх ца­лингаараа тэтгэвэр тогтоолгосон хү­­мүү­сийн тоо 380 мянга гаруй хүн байс­наас одоо 95 мянга гаруй хүн байна гэсэн тоог Нийг­мийн даат­галын сангаас гаргаж өгч байна. 1995 оноос өмнө тэтгэвэр тог­тоолгосон хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах ёстой учраас ийм хэмжээний тэтгэврийн зөрүүг арилгах нь бас л төрийн үүрэг болж байгаа юм.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Тэтгэврийн зөрүү гэхээр зарим нь “Бүгд ижил тэтгэвэр авах нь” гэж ойлгож эсэргүүцээд, эсвэл дэмжээд байдаг юм. Өөр өөр ажил, цалинтай байж, өөр хугацаанд шимтгэл төлсөн бол мэ­дээж тэтгэвэрийн хэмжээ нь ондоо л байна. Харин яг адилхан ажлыг ижил хугацаанд хийгээд өөр, өөр цаг үед тэтгэвэрт гарснаас болоод зөрүү гараад байгааг засах гээд байгаа юм шүү дээ.

Бид итгэлцүүрийг хөдөлгөе, жил бүр тусгай томъёогоор Үндэсний статистикийн газрын гаргаж өгсөн үнийн өсөлт, эдийн засгийн өсөлт гэх зэрэг тоон үзүүлэлтийг үндэслэж тооцож гаргадаг болгоё гэсэн санал тавьж байгаа. 1997 оноос энэ ит­гэлцүүр таван удаа хөдөлсөн боловч 2007 оноос хойш огт хөдлөөгүй байна.

-Энэ зөрүүг багасгахад Засгийн газраас санал болгоод байгаа суурь даатгалд нөлөөлөх үү?

-Засгийн газар тэтгэврийн гурван давхаргат тогтолцоог санал болгоод байгаа юм. Одоо тэтгэвэр авч байгаа иргэн бүрт нийгмийн суурь тэтгэвэр гээд 60 – 80 мянган төгрөгийг олгоод, дээр нь шимтгэлээ төлөөд авч байгаа нийгмийн даатгалаас олгож буй мөнгийг хоёр дахь шатлалын тэтгэвэр болгож олгох юм. Үүнээс салбарын, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн нэмэлт даатгал, иргэдийн хувийн даатгалаар гурав дахь шатлалын тэтгэврийг олгох юм. Үүнийг холбогдох байгууллагууд дэмжиж байгаа. Гэхдээ бид Засгийн газарт анх даалгавар өгөхдөө Монгол Улсын тэтгэврийн насны бүх иргэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг нь харгалзахгүйгээр суурь даатгал болгон тус бүр 60-80 мянган төгрөг олгоё. Үүн дээр шимтгэлээ төлсөн байдлаар нь ногдох тэтгэврийг нэмж өгье гэсэн юм. Энэ нь шударга зарчимд нийцнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг төрөөс өндөр насны тэтгэвэрт хамруулж байгаа. Гэхдээ энэ асуудлыг нягталж, маш нарийвчилсан судалгаа хийж шийдвэрлэх нь ойлгомжтой.

-Тун таатай, иргэдийн эрх ашигт нийцсэн санал байна. Гэхдээ та энэ талаар эдийн засагчидтай санал солилцож үзсэн үү. Хэр боломжтой бол?

-Санал солилцож байгаа. Дэлхийн банкнаас шинжээчид урьж, тооцоо судалгаа хийж эхэлсэн. Ер нь олон давуу талтай. Одоогийн байдлаар тө­рөөс иргэдэд олон төрлийн халам­жийн мөнгө олгож байгаа. Тиймээс 60-аас дээш насныхны хувьд энэхүү суурь тэтгэврээр нь олгох ёстой ха­ламжийн мөнгийг хаачихаж болно. Тодруулбал 60-аас доош нас­ны­хан халамжийн мөнгөө аваад, 60-аас дээш насныхан халамжийн мөн­гөнийхөө оронд суурь тэтгэврээ аваад явбал иргэдийн амьжиргааг дэм­жих үр дүнтэй арга хэмжээ болно.

-Энэ их ажлыг хийж, шил­жил­тийг давахад багагүй хугацаа шаард­лагатай. Шилжих хооронд ир­гэдийг хохироох асуудал гарвал яах вэ?

-Мэдээж тодорхой хугацаа шаард­­лагатай. Гэхдээ эхнээс нь ойл­гомжтой, эмх цэгцтэй зохион бай­гуулж, богино хугацаанд шилжвэл дээрх бүх маргаантай асуудал ир­гэдэд ашигтайгаар шийдэгдэж, зөв гольдролд орно. Мөн иргэдэд тулгамдаад байгаа асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл хүргэж, нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагааг ил тод болгох гарцаагүй шаардлагатай байна. Жишээ нь, тэт­гэвэрийн насыг   эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй аажмаар 60 хүргэх хэрэгтэй гэдгийг иргэдэд тооцоо, судалгаатай тайлбарлавал манай иргэд ойлгоод хүлээж авна. Тэгэхгүй нэг өдөр л хууль батлаад радио, телевизээр сурталчлаад эхэлбэл хүмүүс таагүй  хүлээж авах байх даа.

-Арай иргэн бүрт олгох эх орны хишгээсээ суутгах гэж байгаа юм биш биз?

-Үгүй. Хүний хөгжил сангийн амлалт бол тусдаа. Одоогийн пар­ламентын гишүүдийн сонгог­дохдоо амласан асуудал. Түүгээрээ л дуусна. Дээр миний хэлсэн зүйлүүд хууль болон батлагдсанаар олон жилийн турш иргэдийн эрх ашгийг хамгаална. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж