
А.Уянга захиралтай “Wisdom” кино продакшныхан “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн “Бодлын хулгайч” хэмээх уран сайхны киног бүтээсэн нь мэргэжлийн уран бүтээлчид төдийгүй олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Монголын кино урлагийн ертөнцөд ерөнхий продюссерийн гүйцэтгэх үүрэг, жүжигчдийн ур чадвар, найруулагч, зураглаач, нүүр хувиргалт, гэрэлтүүлгийг хүн хүч, техник технологийн өндөр түвшинд харуулсан энэхүү бүтээл асар өндөр өртгөөр бүтсэн сурагтай. Жүжигчин Б.Амарсайхан гол дүрд нь тоглосон энэхүү киног бүтээхэд нийт 600 гаруй хүн оролцсон нь нэгэнт ил болсон. Харин хөшигний цаана одоо болтол нууц хэвээр байгаа нэгэн дүр бол “Бодлын хулгайч”-ийн хайртай бүсгүй юм. Монголд анх удаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киног үзэсгэлэнт дүр төрхөөрөө чимсэн тэр бүсгүй хэн бэ. Шилжилтийн үеийн хүнд хэцүү цаг үеийн гэгээлэг дурсамжуудыг сэргээх бүсгүйг хэн гэдэг юм бол. “Бодлын хулгайч” энэ удаад ч хайртай бүсгүйгээ нууцалсан хэвээр байна. Харин ирэх долоо хоногт буюу энэ сарын 20-нд тэрхүү эрхэмсэг агаад дур булаам бүсгүйг танилцуулахаа тэрбээр амлалаа. Гэхдээ яагаад заавал аравдугаар сарын 20-нд гэж…
Г.Дарь