“Домгийн өглөө” “Боловсрол суваг”-аар гарна

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

“Домгийн өглөө” “Боловсрол суваг”-аар гарна

“Домгийн өглөө” кино клип “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр гаргахаар боллоо.

Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн шинэ уран бүтээл болох “Домгийн өглөө” богино кино клип өнгөрсөн есдүгээр сарын 15-нд “Өргөө” кино театр албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Гэхдээ энэхүү бүтээлээ дуучин бүсгүй оюуны өмчөөр баталгаажуулсан учир телевизээр шууд цацахгүй хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл  Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Домгийн өглөө” төсөл хэрэгжүүлэх гэрээнд аравдугаар сарын 5-нд гарын үсэг зурсан.  Энэ төсөл хэрэгжсэнээр үзэгч та бүхэн дуучин Т.Ариунаагийн шинэ уран бүтээл болох “Домгийн өглөө” богино хэмжээний кино клипийг зөвхөн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой болж байна.  Олон улсын хэмжээнд оюуны өмчийг албан ёсны гэрээтэйгээр ашиглах зарчмыг чухалчилдаг. Монголд төдийлан хэрэгжээд байдаггүй оюуны өмчийг баталгаажуулах ажлыг дуучин Т.Ариунаа болон түүний кино клипийг хамтран бүтээсэн уран бүтээлчид ийнхүү ажил хэрэг болгон хэрэгжүүлж байна.

Тиймээс ч дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх үүднээс  “Боловсрол суваг” телевиз Гавьяат жүжигчин Т.Ариунаад “Домгийн өглөө” кино клипийг нь албан ёсны гэрээтэйгээр өөрийн дэлгэцээр гаргах санал тавьсан бөгөөд дуучны зүгээс уг саналыг баяртайгаар хүлээн авч, хоёр тал хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр урлагийн салбарт нэгэнт тогтоод буй оюуны өмчийг хулгайлах, бусдын хөдөлмөрийг үл хүндэтгэдэг байдал үгүй болох эхлэл тавигдаж байгаа юм.
Аравдугаар сарын 16-нд буюу ирэх ням гаригт 20.20 цагт “Боловсрол суваг” телевизийн “Making the video” нэвтрүүлгээр “Домгийн өглөө” богино хэмжээний дуут кино хэрхэн бүтсэн талаар Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон “Домгийн өглөө” багийнханы танилцуулах юм. Харин аравдугаар сарын 17-нд буюу ирэх даваа гаригт 22.00 цагт “Боловсрол суваг” телевизийнм дэлгэцээр анх удаа “Домгийн өглөө” богино хэмжээний дуут кино албан ёсоор үзэгчдийн хүртээл болно.

“Домгийн өглөө” богино хэмжээний кино клип нь Их Монгол Улсын хаан Мөнхийн хаанчлалын үед Сири, Персийн нутагт амьдарч байсан Хашишин буюу Ассасинуудын тухай өгүүлдэг байна. Тэд 1253-1257 оны үед монголчуудтай хэрхэн холбогдсон талаар түүхэн эх сурвалжид тулгуурлан “Домгийн өглөө” кино клипийг бүтээсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор бичсэн уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, найруулагчаар О.Гэрэлсүх, хөгжмийн продюссерээр “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, хувцасны дизайнераар “Exclusive” компанийн дизайнер Л.Баярсайхан, нүүр хувиргагчаар Ж.Болормаа нар ажилласан байгаа. Харин Персийн хааны дүрд жүжигчин Н.Бат-Ялалт тоглосон бол жүжигчин Латиф агсны хүү Нурбулан эсрэг талын дүр бүтээжээ. Мөн “Мотив”, “3 охин” хамтлагийнхан background хийж, “Нью стар” студийн продюсер Л.Гантөр хөгжмийн найруулагч ажилласан юм. Дуучин Т.Ариунаа энэхүү дэлгэцийн бүтээлийнхээ ерөнхий продюссерээр ажиллан, Саянгоо хэмээх монгол хатны дүрийг бүтээсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж