МУБИС-ийн ойн барилдаанд Д.Ганхуяг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.14-нд нийтлэгдсэн

МУБИС-ийн ойн барилдаанд Д.Ганхуяг түрүүлэв

Монгол улсын боловсролын их сургууль байгуулагдсаны 60 жил, Биеийн тамирын сургуулийн 55 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан, спорт наадам, урлагийн тоглолт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус сургуулийн Биеийн тамирын сургуулийг төгссөн, одоо суралцаж байгаа хүчит 56 бөхийн барилдаан өчигдөр  Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн төгсөгч, улсын арслан Д.Ганхуяг, улсын харцага Л.Пүрэвжав, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв, Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадам-Очир, аймгийн арслан Ж.Сүхбат, Б.Батдорж, Д.Тангад нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 56 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, "Алдар" спорт хороо, "АПУ" компанийн бөх улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат аймгийн арслан Б.Батдорж нар шалгаран үлдэв.

МУБИС-иас дархан аварга Б.Түвдэндорж, Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ж.Ганболд, Ц.Баярсайхан, Д.Амгаа, Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар, улсын харцага Д.Сэрээтэр, Л.Пүрэвжав, Т.Амартүвшин нарын олон алдар цолтой хүчит бөхчүүд төрөн гарсан байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж