Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Эрт цагт эр, эм хүмүүс аз жаргалтайгаар хамтран амьдарч, өөр өөрсдийн ажил үүргийг эв найртайгаар хийж гүйцэтгэдэг байлаа. Өдөр бүр эрчүүд аюулыг сөрөн явж, амь насаараа дэнчин тавин ан гөрөөнд явна. Гэртээ, гэр бүлдээ хоол хүнс авчирна. Араатан амьтад, дайснуудтай тулалдана. Үүнийгээ дагаад орон зайн мэдрэмжтэй болж, газар зүйн мэдлэг ч сайжирчээ. Эр хүний ажил тодорхой. Товчхондоо бол амьдрал залгуулагч. Эмэгтэйчүүд нэр хүндтэй, үнэ цэнэтэй. Учир нь эр нөхөр нь түүнд хамаг арын амьдралаа даатгаад идэш хоолондоо явдаг. Эрчүүдийн амжилт авчирсан олз аваар нь хэмжигддэг бол тэдний хувь хүний үнэлэмж нь эхнэрүүдийнх нь бахархлаар тодорхойлогдоно. Гэр бүлээ тэжээх, хамгаалах нь эрчүүдийн ажил. Түүнээс биш гэр доторх хүмүүсийн харилцааг ажиглах, хог хаяж, хүүхэд хуурайлах нь тэдэнд хамаагүй. 

Хүүхнүүдийн үүрэг тов тодорхой. Үр хүүхдээ өсгөх. Хавь орчноо зохицуулж, гэр бүлийн гишүүдийн царай зүс, ааш авирт гарсан өчүүхэн өөрчлөлтийг ч анзаарах сүрхий мэдрэмжтэй заяагдсан. Товчхондоо бол тэд үүрээ сахин хамгаалагч. Хүүхдээ харж, жимс ногоо түүж, өөр айлын эхнэрүүдтэй уулзалдах. Аюул сөрж, ан гөрөөнд явахын оронд ар гэрээ сайхан авч явах ёстой. Энэ үүргээ хэр сайн биелүүлж байгаагаар нь түүнийг үнэлдэг. Үр удмаа үлдээх ариун үүргийнхээ улмаас тэд нэр хүндтэй.

Авчирсан ангийн махаар нь хийсэн хоолыг зооглосны дараа эрчүүд түүдэг гал тойрон сууж, тоглоом тоглож, өөр хоорондоо сонин хачнаа хуучилцгаана. Өнөөгийн эрчүүдийн телевизийн удирлага гартаа барин буйдан дээр тухлах, эсвэл сонин уншихтай адил юм уу даа. Энэ өдрийн алжаал, айдсаа дарж, дараа өдрийн шинэ аянд бэлтгэж эхэлнэ. Эхнэрүүд тэднийг хангалттай сайн хооллож, унтаж амрахад санаа тавина. Бие биеийнхээ энэхүү хандлагад хэн хэндээ сэтгэл хангалуун. Эрчүүдийг хэзээ ч залхуу гэдэггүй, эмэгтэйчүүд хэзээ ч эцэс төгсгөлгүй гэрийн ажилдаа гомдол мэдүүлдэггүй байлаа. Харин орчин үед энэ  үүрэг, хариуцлагын хуваарилалт алдагдаж, бухимдал, уур уцаар, эргэлзээ тээнэгэлзээгээр дүүрэн амьдрах болов. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн ажил үүрэгт эргэлзэж эхлэв. Орчин үеийн нийгэмд хүмүүс илүү аюулгүй, амар тайван амьдрах болсон тул амьд үлдэх нь эн тэргүүний зорилт биш болов. XXI зуунд аз жаргалтай амьдрахын тулд шинэ дүрэм, шинэ хандлагыг мэдрэх хэрэгтэй болов. Үр дүнд өнөөдрийн зөрчилдөөнт амьдрал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж