П.Сэрдамба: Олимпийн финалыг давтах хүсэл байсан

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба: Олимпийн финалыг давтах хүсэл байсан

Дэлхийн дэвжээнээс хос медаль хүртсэн анхны монгол ширэн бээлийтэн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбатай ярилцлаа.

-Дэлхийн аваргын рингнээс авсан медалиа хос болгосонд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Баярлалаа. Ямар ч байсан медаль хүртсэндээ баяртай байна. Энэ удаагийн ДАШТ олимпийн эрх олгосон. Тэр ч утгаараа өрсөлдөөн ихтэй байлаа. Маш хүчтэй, бяртай тамирчид учраа таарсан. Тулаанууд бол ойролцоо, өрсөлдөгчтэйгээ оноо ойрхон хүндхэн болж өнгөрлөө.

-Өөрийнхөө хийсэн тулаануудаас нэгийг нь онцолбол?

-Олимпийн эрхийн тулааныг онцолж болно. Яагаад гэвэл Кубын өсч яваа залуу тамирчинтай таарсан. Куба улс бол хэзээнээс боксоор алдартай учраас алдаа гаргахгүйн тулд өөрийгөө хянаж тулалдлаа. Түүний хүчинд ялж хүрэл медалийн болзол хангасан. Бас олимпийн эрхээ авсан.

-Тулааны эхний үе завсарлахад юу бодогдож байв?


-Эхний үед намайг ажиглаад байгаа юм болов уу гэж бодогдсон. Кубын залуу тамирчныг ялна гэдэгтээ итгэлтэй байсан болохоор түүнд боломж олгохыг хүсээгүй. Бас багшийнхаа зааж зөвлөснөөр тактикийн тулаан хийсэн л дээ.

-Медалийн өнгө хувиргах тулааны талаар асуухгүй өнгөрч болох байх. Инчёонд хожигдсон тамирчиндаа дахиад хожигдлоо.

-Таныг идэвхгүй тулалдлаа гэж шүүмжлэх хүмүүс байна?


-Шүүмжлэлийг мэдээж хүлээн авна. Гэхдээ би өөрөө Солонгосын тамирчныг хожно гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Гэтэл нэг л болж өгсөнгүй ялагдчихлаа. Тэмцээн нэгээр дуусахгүй байх. Лондоны олимпод дахиад таарвал хариугаа авна. Цаашдаа миний жингийн нэлээд хүчтэй өрсөлдөгчдийн нэг.

-Хэрвээ Солонгосыг хожсон бол?

-Зоу Шиминтэй дахиад л дэлхийн аваргын рингэнд тулалдах байлаа /инээв/. Өмнө нь Бээжингийн олимпод бэртлээс болоод яаж ч чадаагүй шүү дээ. Харин дэлхийн аваргын рингэнд арай л өөрөөр тулалдах байсан юм.  Яагаад гэвэл тухайн үеийнх шиг надад ямар нэгэн зовиур алга байна. Би ч өөрөө Зоу Шиминтэй тулалдахыг маш их хүсч байлаа. Түүнтэй би дөрвөн удаа тулалдаж нэг ялж, гурав ялагдсан байгаа. Ер нь бол алтан медалийн төлөө л тулалдах зорилготой байсан. Даанч нэг л болж өгсөнгүй. Гэхдээ ирэх олимпод миний гол өрсөлдөгчид бүгд эрхээ авсан болохоор таарах байлгүй дээ.

-Саяны дэлхийн аваргын шүүлт хэр санагдав. Манай тамирчдын хувьд тэр дундаа гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер нарын тулааны шүүлтийн асуудлыг спорт сонирхогчид ярьж байна л даа?

-Шүүлт бол ерөнхийдөө гайгүй ээ. Шүүлтийн дүрэм өөрчлөгдсөн. Яг тэмцээний тоглолтын дундуур оноо харагдахгүй болохоор тамирчдад, бидэнд хүндхэн байгаа. Харин манай У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нар дээр шүүлтийн будилаан гарсан. Олимпийн эрх олгох тэмцээн дээр оноогоор тэнцэж ялагдана гэдэг бол маш хүнд асуудал л даа. Бид энэ талаар тэмцээний дараа ярилцаж суусан л даа.

-Хойшид шинэ дүрмэн дээр нэлээд анхаармаар зүйл ажиглагдлаа?


-Тийм ээ. Ялангуяа тамирчид оноогоо хамгаалж зугатах биш дайрч, давшиж тулалдах хэрэгтэй гэдгийг шинэ дүрэм харууллаа. Өмнө нь оноо гардаг байхад өрсөлдөгчөөсөө 2-3 оноогоор илүү гарч аль болох зугатаж, тойрч байгаад л цагаа дуусгадаг байсан. Одоо бол тэгэх боломж алга. Болж өгвөл дайрч, идэвхтэй тоглолт үзүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхгүй бол тулаан дууссаны дараа гэнэт ялагдсан гээд зарлавал сэтгэлзүйн хувьд хүнд байдалд орно шүү дээ

-Таны хэлсэн ийм байдал Д.Отгондалайгийн Невиний эсрэг хийсэн тулаан дээр гарсан шүү дээ?


-Тийм зүйл болсон. Бид ч гэсэн Д.Отгондалайг ялсан гэж бодож байлаа. Манай хүн ч өөрийгөө ялсан гэдэгт итгэлтэй байсан. Гэтэл шүүгч түүний өрсөлдөгчийн талд ялалт заахад бид бүгд эхэндээ гайхсан.

-Таны хувьд нэгэнт эрхээ авчихлаа. Цаашид тэмцээнд оролцох уу, эсвэл бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулах уу?


-Он гаргаад олон улсын тэмцээнүүдэд оролцоно. Үлдсэн хугацаанд жингийнхээ гол өрсөлдөгч нарыг судалж бэлтгэлдээ базаахын хажуугаар тэмцээнүүдэд оролцох байх нь чухал шүү дээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Боломж олгосонд баярлалаа. Боксын холбооныхоо удирдлагууд болон БТСГ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооныхондоо баярласнаа илэрхийлье. Би өнгөрсөн зунаас Худалдаа хөгжлийн банкны тамирчин болсон. Тиймээс тус банкны удирдлага болон хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний итгэлийг алдалгүй улам их хичээх болно.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж