Хөөрхөн охин, хүч чадалтай хүү

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Хөөрхөн охин, хүч чадалтай хүү

Батаагийнх хоёр ихэр хүүхэдтэй болов. Номин охиныг ягаан өлгийд, Оргил хүүг цэнхэр өлгийд өлгийджээ. Шинэ хүмүүсийн эгдүүтэй царайг харахаад ирсэн хамаатан садан, найз нөхөд нь охинд хүүхэлдэй, хүүд машин тэрэг авчирна. Хүн бүр л “Яасах хөөрхөн охин бэ” хэмээн Номинг өхөөрдөх агаад бяцхан охиныг тэврэн, элгэндээ наан үнсэх хүмүүсиййн ихэнх нь эмэгтэйчүүд. Харин харчуудын анхаарал ирээдүйн Чингис хаан дээр илүү төвлөрнө. “Бөх болж мэднэ” хэмээн хацрыг чимхэж, хонгон дээр нь зөөлөн алгадна. Иймэрхүү дүр зураг шинэ хүнтэй айл бүрт бараг л ижилхэн. Нэгэн асуулт гарч ирнэ. Насанд хүрэгчдийн энэ зан байдал биологийн үзэгдэл үү, эсвэл үеэс үе дамжин суралцаж, хэвшдэг зүйл үү? Заяагдмал уу? Олдмол уу?

Өнгөрсөн зуунд бидний биеэ авч яваа байдал, амьдралын хэв маягийн ихэнх нь нийгмийн байдал, орчин тойрноос урган бий болдог хэмээн тайлбарладаг байлаа. Гэтэл,хүүхэд өсгөнө гэдэг бидний хувьд суралцаж бий болгодог чадвар хэдий ч өргөж авсан үрээ хүн ч байсан, сармагчин ч байсан эхийн хайраар гайхалтай хайрлан, өсгөдөг билээ. Эхээс төрөхөд л бидний тархин дахь ихэнх өгөгдөл аль хэдийнэ суугдсан байдаг хэмээх дүгнэлт 1990-ээд оноос гарах болсон. Эрчүүд ан гөрөө хийж, хүүхнүүд гэр орноо харж хандан, үр хүүхдээ өсгөдөг байсан эрт балрын ажил үүргийн хуваарилалт өнөөдөр ч бидний амьдралын ерөнхий хандлагыг тодорхойлсон хэвээр. Харвардын их исургуулиас хийсэн нэгэн судалгаагаар томчууд охин, хүү хүүхдэд өөр өөрөөр хандахаас гадна тэдэнтэй харилцахдаа өөр өөр үг хэрэглэдэг болохыг мөн олж тогтоожээ. Бяцхан охидыг “Яасан хөөрхөн юм бэ”, “Эгдүүтэй гүнжхэн байна шүү” гэх зэргээр өхөөрддөг хэрнээ хөвгүүдийг харахаараа дууган өндөрсгөн, царайгаа төв болгож “Эр хүн”, “Ямар хүчтэй юм бэ” хэмээн “доргиодог”

Охидод өгсөн барби хүүхэлдэй, хөвгүүдийн буутай цэрэг, удирдлагатай машин тэдний биеэ авч явах хандлагыг бий болгодоггүй. Харвардын судалгаа томчуудын охид, хөвгүүдэд хандах энэ өөр өөр хандлага нь аль хэдийнэ бодитоор оршин буй тэр ялгааг улам тодотгож өгдгийг баталжээ. Дөнгөж төрсөн нугасны дэгдээхийг усанд тавихад шууд л сэлж эхэлдэг. Түүнд сэлэхийг хэн ч зааж өгөөгүй. Харин дэгдээхийн тархинд усанд сэлэх өгөгдөл төрөхөд нь л суусан байдаг. Түүнээс биш усанд ормогц сэлж сурч байгаа хэрэг биш. Ус түүний амьдралын хэв маягийг үүсгэгч биш.

Бид нийгмийн гэхээсээ илүү биологийн бүтээгдэхүүн. Бидний тархины бүтэц өөр өөр учраас бид өөр өөр. Үүнээс шалтгаалан бид өөр өөрсдийн амьдралыг үзэх үзэл, хандлага, үнэлэмж, үнэт зүйлстэй байдаг. Нэг нь нөгөөгөөсөө илүү сайн, эсвэл илүү муу гэсэн ойлголт огт байхгүй. Зүгээр л өөр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж