Гишүүд ”төрийг хохиролгүй болго” гэж шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.13-нд нийтлэгдсэн

Гишүүд ”төрийг хохиролгүй болго” гэж шаардлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  “Зоос”, “Анод” банктай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Төсвийн байнгын хорооноос энэ оны хоёрдугаар сард ажлын хэсэг байгуулж дээрх хоёр банкинд Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлт ямар байгааг шалгасан аж. Улмаар эрхэм гишүүдэд шалгалтын үр дүн нь таалагдаагүй байна. О.Чулуунбат, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг нартай хамт ажлын хэсэгт ажилласан гишүүд “Зоос банкны дампуурлыг зарлаж, суурин дээр нь Төрийн банк байгуулаад хоёр жил болж байна. Гэтэл “Зоос”, “Анод” банкийг дампууруулсан этгээдүүдээс төр хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй өнөөг хүрсэн.  УИХ-аас “Зоос” банктай холбоотойгоор баталсан 100 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлт ч тодорхойгүй байдалд орсон байна. Хоёр жилийн өмнө Засгийн газар “Зоос банк хүндрэлд орлоо. Тиймээс 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж борлуулаад уг банкийг хүнд байдлаас гаргах, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олгоё гэсэн хүсэлт оруулж ирж байсан. Тухайн үед олон гишүүн тодорхой мэдээлэл хүсч, шаардлага тавьсны эцэст зөвшөөрөл өгч байсан” гэж мэдээлсэн юм.

“Зоос” банкны дампуурлыг Олон овоотын ордын лицензийг барьцаалж авсан “Монгол газар” компанийн зээлтэй холбон тайлбарладаг.  Харин одоо уг  ордын лиценз 145 тэрбум төгрөгийн өртэй холбоотойгоор “Анод”,  “Зоос” зэрэг дөрвөн банкны мэдэлд шилжээд байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Засгийн газар, төв банк аливаа арилжааны банкинд зээл олговол барьцааг нь заавал авч зах зээл дээр борлуулан, орлогоор нь төсвийн алдагдлаа хаах ёстой. Гэтэл Олон овоотын лицензийг чимээгүйхэн шиг хувийн компаниудад  шилжүүлсэн.  Нэг ёсондоо төсвийн мөнгийг хоёр жилийн турш хувийн компани ашигласан гэсэн үг” гэлээ. Тиймээс ажлын хэсэгт багтсан  гишүүд  Олон овоотын лицензийг төрийн мэдэлд авч, борлуулаад төсвийн алдагдлыг нөхөхийг шаардаж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ч “Уг хэрийг шалгах хэрэгтэй” хэмээн гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ лицензийг зараад төр хохирлоо барагдуулчихъя гэхнээ дөрвөн ч арилжааны банкны мэдэлд шилжсэн учраас ойлгомжгүй байдал үүсчээ. 

Байнгын хорооны хурлын үеэр ч үүнээс болж маргаан үүссэн. Сангийн сайд С.Баярцогт “Энэ асуудал Засгийн газарт хамаагүй.  Олон овоотын лиценз дөрвөн банкны мэдэлд шилжсэн. Эдгээр банк бүгд арилжааны банк. Хувийн өмч рүү Засгийн газар халдах эрх байхгүй. Банкууд өөрсдөө шийднэ” гэсэн хариулт өгсөн.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “УИХ-аас сонин санал орж ирж байна. Олон овоотын лицензийг “Голдман сакс”-т буцааж өг, банк дампууруулсан учраас хүний өмч хөрөнгийг буцааж төл гэж… Яахаараа лицензийн асуудлыг УИХ дээр ярьж байх ёстой юм” гэв. 

Ямартай ч байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг илүү өргөн хүрээнд шалгах шийдвэр гаргасан юм.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж